ХҮН намын дарга Т.Доржханд эрчим хүчний салбарт баримталж буй бодлогын талаар өчигдөр танилцуулав. Тэрбээр “Манай улсын эрчим хүчний системийн 90 хувь нь нүүрс юм. Гэтэл нүүрсний станцыг санхүүжүүлэх төсөв байхгүй, гадаадаас санхүүжүүлэх улс олдохгүй болсон. Харин сэргээгдэх эрчим хүчний станц барих, санхүүжүүлэх боломж байна. Үүнийг дэлхийд ус, хий, зай хураагуур гэсэн гурван тохируулгаар хийдэг. Манайх зай хураагуур ашиглаад хувийн хэвшлийнхнээр станц бариулах ажлыг эхлүүлсэн. Өртөг нь нүүрснээс хоёр дахин хямд. Эрчим хүчний ачаалал манай улсад өвөлдөө 1950 мВт байдаг бол зундаа 500-600 болж буурдаг. Өвлийн хоёр сард л ашигтай ажилладаг учраас хувийн компаниуд энэ салбар руу ордоггүй байсныг ийнхүү өөрчилж буй. Дата өгөгдлийг ашиглаад 30 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө татахаар тохиролцоод байна” гэв.
Нэг ёсондоо эрчим хүчний салбарт ХҮН нам реформ хийж, тарифыг өртөг рүү нь дөхүүлсэн, хувийн хэвшлийнхний сонирхлыг хандуулсан зэргээр ажил хийсээр байхад МАН-ын зарим гишүүн Б.Найдалаа сайдыг нь гүтгээд, Засгийн газрыг огцруулах яриа гаргаж байна гэсэн юм. Тус намынхан Засгийн газрыг цаашид тогтвортой ажиллуулах ёстой гэдэгт нэгдмэл байр суурьтай байгаа аж.