Шинэ албан тушаалдаа очингуут “Туулын хурдны зам” төслийг түр зогсоосноо мэдэгдэж байсан Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир өчигдөр уг төслийн 2026 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хянан баталснаа зарлав. “Туулын хурдны зам” төсөлтэй холбогдуулан БОУАӨЯ, нийслэлийн удирдлагууд болон гүйцэтгэгч “Хаоюань женерал констракшн” ХХК-ийн төлөөлөл гурван талт уулзалт хийсэн юм. Энэ үеэр тэрбээр “Аливаа бүтээн байгуулалт Монгол Улсын хуульд захирагдана. Төр хуулийг хэрэгжүүлэх үүргийнхээ хүрээнд төслийн үйл ажиллагааг түр зогсоосон. Цаашид уг төслийг байгаль орчны нөлөөллийн үнэлгээ, тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд бүрэн нийцүүлж хэрэгжүүлэх ёстой. Өмнө нь гарсан зөрчлийг арилгаж, байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлж, тайрсан бургасанд нөхөн төлбөр ногдуулна. Төслийн бүх үе шатанд байгаль орчны нөлөөллийг бууруулах арга хэмжээг хэрэгжүүлж, мониторингийн хяналтыг тогтмолжуулан, хоёр жил тутамд аудитын шалгалт хийж ажиллах хэрэгтэй” хэмээн талуудад анхаарууллаа.
Тэгвэл УИХ дахь Ардчилсан намын бүлгээс өчигдөр Ерөнхий сайд Н.Учралд шаардлага хүргүүлж, “Туулын хурдны зам” төслийн ажлыг бүрмөсөн зогсоох, хууль тогтоомж зөрчсөн холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцох, учирсан хохирлыг даруй барагдуулахыг шаардав. Төслийн судалгаа, тооцоо хангалтгүй, байгаль орчны нөлөөллийн үнэлгээ, тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөө нь ч батлагдаагүй байхад Монгол Улсын хууль тогтоомж зөрчин бүтээн байгуулалтыг эхлүүлж, гүйцэтгэгч компанид 500 тэрбум төгрөгийн урьдчилгаа өгсөн нь байж боломгүй үйлдэл гэдгийг дээрх шаардлагад онцолжээ.
Мөн энэ асуудлаар өмгөөлөгч Ц.Батболд Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасныг “Хатан Туулаа хамгаалъя” ТББ-аас мэдээлэв.
Харин нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар өчигдөр байр сууриа ийн илэрхийлсэн юм. Тэрбээр “Нийгмийн сүлжээнд сүүлийн 45 хоногт Туулын хурдны замтай холбоотой давхардсан тоогоор 32 сая орчим пост, контент, сэтгэгдлүүд нийтлэгджээ. Цахим хуудсуудад мөн ойролцоогоор 1.5 сая орчим сэтгэгдэл өрнөсөн байна. Энд өрнөсөн асуудлуудын дийлэнх нь Туулын хурдны замын бүтээн байгуулалт хийгдвэл голын ус багасах уу, ширгэх үү гэдэг эрсдэлтэй холбоотой. Бид энэ талаар байгаль орчны нарийвчилсан үнэлгээнд тодорхой дурдсан. Үүнийг олон нийтэд зөв мэдээлэх шаардлагатай байна” хэмээжээ.
Г.Сансар