Хөдөө аж ахуйн гаралтай бараа, бүтээгдэхүүн, түүхий эдийн арилжааг ил тод, нээлттэй зохион байгуулж, зах зээлийн бодит үнийг тогтоох, малчид болон үйлдвэрлэгчдийг холбосон оновчтой тогтолцоог бүрдүүлэх зорилгоор “Хөдөө аж ахуйн бирж” ТӨХХКийг байгуулсан. Хөдөө аж ахуйн бирж дээр өнгөрсөн долоо хоногт гурван удаагийн арилжаагаар нийт 6.4 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий бараа, түүхий эд арилжээ. Энэ нь өмнөх долоо хоногтой харьцуулахад өссөн үзүүлэлт бөгөөд арилжааны бүтцийг авч үзвэл самнасан ноолуур зонхилж байна. Тодруулбал, 5.8 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 17 тонн ноолуур борлуулсан нь нийт арилжааны дийлэнх хувийг бүрдүүллээ. Мөн ямааны 25.8 тонн завод ноосыг 549 сая, хонины 25 тонн ноосыг 56 сая төгрөгөөр худалдсан бол тэмээний ноосны арилжаа өнгөрсөн долоо хоногт хийгээгүй гэнэ.
ХХААХҮЯ-наас хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдийн зах зээлийн ил тод байдлыг нэмэгдүүлэх, арилжаанд оролцогчдын идэвхийг дэмжих, үнэ ханшийн тогтвортой орчныг бүрдүүлэх чиглэлээр бодлогын арга хэмжээг шат дараатай хэрэгжүүлж байгаа юм. Цаашид биржийн арилжааг өргөжүүлэх, малчид, үйлдвэрлэгчид, худалдан авагчдын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийлжээ.
Г.Сансар