Улаанбаатар хотын төв хэсэг болох Циркийн орчимд өнгөрсөн баасан гаргийн 20.00 цагийн үед цахилгаан тасарчихсан байв. Үйлчилгээний газрууд лаа барьж, зайгаар ажилладаг ёлтгор чийдэн асааж, үйлчлүүлэгчид нь гадаа гарч зогссон зутруу дүр төрх харагдана. Нэгэн уушны газарт пад харанхуй, утасны гэрлээ асаасан халамцуу хүмүүс нийлчихсэн дуулж ч байх шиг. Зөөгч нь үүд хавиараа эргэлдэн “Хүмүүсээс тооцоогоо авах гэхээр кассын машин унтарчихсан, камер бас ажиллахгүй учраас зарим нь гараад явчих вий гэж айгаад” гэлээ. Мэдээж ойр орчмынх нь орон сууцууд “тог”-гүй, бас гудамжны гэрлүүд байхгүй харанхуй хот. Энэ бол XXI зуунд, тусгаар улсын нийслэлд байж болох зүйл лав биш. Гэсэн ч байж болохоор үл барам хэвшил болж, дүүрэг бүрд цахилгаан таслах хуваарь гарган, иргэд ажил, амьдралаа зохицуулахыг хичээж байна. Өөрөөр хэлбэл, эрчим хүчний салбарын доголдол иймдээ хүрч, улсын хэмжээнд хэзээд ч, хаана ч хамаагүй цахилгаан тасалдаг болоод хагас жил өнгөрлөө.
ЭРЧИМ ХҮЧНИЙ ТАРИФЫГ ХОЁР ДАХИН НЭМСЭН, АХИАД ӨСГӨХ НЬ
Эрчим хүчний салбарт реформ хийнэ, тарифыг бодит өртөгт нь буюу үйлдвэрлэж буй зардалд нь нийцүүлж нэмнэ хэмээн 2024 онд мэдээлж, айл өрхүүдийн цахилгааны дундаж тариф нэг кВт/цаг нь 140 төгрөг байсныг 285 болгосон. Шатлалтайгаар буюу хэрэглээ өсөх тусам өндөр төлбөр төлнө, бага хэрэглээтэй айлуудынх арай бага дүнгээр нэмэгдсэн гэдгийг Эрчим хүчний зохицуулах хороо (ЭХЗХ)-ноос тухайн үед танилцуулсан. Албан байгууллага, аж ахуйн нэгжүүдийн цахилгааны тарифыг ч шаталсан байдлаар өсгөсөн билээ. Өөрөөр хэлбэл, бид 2024 оныхтой харьцуулахад өдгөө хоёр дахин өндөр үнэтэй цахилгаан хэрэглэж байна. Мөн дулааны тарифыг өнгөрсөн нэгдүгээр сараас 85 хувиар нэмнэ гэсэн ч иргэдийн эсэргүүцэлтэй тулгаран азнаад байгаа юм. Тэгвэл цахилгааны үнийг нэмээд юу өөрчлөгдөв. Харин ч сахил хүртээд шал дордов гэгчээр өвлийн оргил ачаалал дуусчихаад байхад л “тог” тасалсан хэвээр. Түүнчлэн эрчим хүчний салбарынхан цалин, хангамж муу байна гэж тайван жагсаал зохион байгууллаа. Салбарын хэмжээнд тарифыг нь өсгөсөн ч ажилчдын цалинд нөлөөлөөгүй, бас тоног төхөөрөмж шинэчлээгүй, аюулгүй байдал хангагдаагүй гэдгийг Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооныхон өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн. Тэгвэл 2024 онд нэмсэн үнэ, хийж хэрэгжүүлж буй бас бус ажлууд салбартаа ямар өгөөж өгөв. Яагаад нөхцөл байдал дээрдэхгүй байна вэ. Энэ талаар Эрчим хүчний зохицуулах хороо (ЭХЗХ)- ныхноос тодрууллаа. Тус хороооны төлөөлөл “Эрчим хүч, дулааныг үйлдвэрлэсэн зардлаас нь бага үнээр борлуулж байгаа ийм нөхцөлд өсөлт, хөгжлийн тухай ярих арга алга. Цахилгаан, дулааны үнийг “барьж”, үргэлж бага үнээр борлуулж ирснээс хур өр үүсэн, 2026 оны эхний улирлын байдлаар нийт өр төлбөрийн хэмжээ 2.1 их наяд төгрөгт хүрсэн байна. Хэдийгээр цахилгааны үнийг зохих хэмжээгээр өсгөсөн ч эрчим хүчний салбарын алдагдлыг бууруулах, шинэ эх үүсвэр барих, тоног төхөөрөмжийг бүрэн шинэчлэх зэрэгт орлого нь хүрэлцэхгүй хэвээр. Салбар бүхэлдээ эдийн засгийн эргэлт сул, өр төлбөр нь хуримтлагдсан, шугамын алдагдал ихтэй байгаа юм. Тиймээс эрчим хүч, дулааны үнийг энэ жилд багтаан хоёр дахин нэмэхээс өөр арга харагдахгүй байна. Шинэ сайд салбартайгаа танилцаж буй бөгөөд үнэ нэмэх, эсэх, нэмбэл хэдэн хувиар, хэзээ өгсөхийг мэдээлнэ” гэв. Түүнчлэн манай цахилгаан станцууд нэг кВт цахилгааныг 83 төгрөгөөр үйлдвэрлэж, 117-250, нэг Гкал дулааныг 40 800 төгрөгөөр үйлдвэрлэн 4283 төгрөгөөр борлуулж байгаа гэнэ. Ингэснээр “ДЦС-IV” нь 2025 онд цахилгаан эрчим хүчнээс 151.7 тэрбум төгрөгийн ашиг олж, харин дулааны борлуулалтаас 183.2 тэрбум төгрөгийн алдагдал хүлээж, нийт алдагдал нь хагас жилд л 30 тэрбум төгрөгөөр өссөнийг ЭХЗХ-ны эх сурвалж дурдлаа.

“ДЦС-IV”-Т 600 ТЭРБУМ ТӨГРӨГ ШААРДЛАГАТАЙ
Манай улсын нийт эрчим хүчний 70 хувийг төрийн өмчит станцууд, үлдсэн 30 хувийг хувийн хэвшлийн эх үүсвэрээс болон импортоор нийлүүлдэг. Эрчим хүч, дулааны хэрэглээ сүүлийн 10 жилд жил бүр 7-8 хувиар өсөж иржээ. Сүлжээний оргил ачааллын үед буюу өнгөрсөн арванхоёрдугаар сард 1711 МВт-д хүрсэн. Энэ нь 2024 оны мөн үеийнхээс 220 МВтаар нэмэгдсэн дүн аж. Хэрэв ирэх өвөл шинэ эх үүсвэр ашиглалтад оруулахгүйгээр хэрэглээ нь 7-10 хувиар өснө гэвэл 1800-1900 МВт цахилгаан зарцуулахад хүрч, систем бүхэлдээ доголдоно гэсэн үг. Тиймээс ирэх өвлийн ачааллыг зохицуулах, найдвартай байдлыг хангах чиглэлээр юу хийж байна вэ. Энэ талаар “ДЦС-IV” ТӨХКийнхнаас тодруулахад “ДЦС-IV нь Хөгжлийн банканд 260 тэрбум төгрөгийн өртэй. Үүнийг эхний ээлжид хойшлуулах хүсэлтийг Засгийн газарт гаргасан. Түүнчлэн нэн яаралтай засвар, үйлчилгээний зардалд 5.5 тэрбум төгрөг шаардлагатай. 550 тонн/цаг уур үйлдвэрлэх нэмэлт зуух барихаар төлөвлөөд байна. Ингэснээр дулааны тогтвортой хангамжийг бий болгох бөгөөд уг зуухыг 90.5 сая ам.доллароор барих тооцоо бий. Ирэх өвлийн бэлтгэлийг хангахад багадаа 325 тэрбум төгрөг хэрэгтэй байна” гэлээ. Өөрөөр хэлбэл, “ДЦС-IV”-ийн ирэх өвлийн бэлтгэлийг хангахад Хөгжлийн банкны өрийг хойшлуулж, шаардлагатай засварыг хийлгэж, шинэ зуух барихад даруй 600 тэрбум төгрөг хэрэгтэй гэсэн. Салбарт хуримтлагдсан нийт өр, төлбөрийг нэмбэл бараг гурван их наяд төгрөгийн асуудал энд яригдаж байна.
Үүнээс гадна “ДЦС-III” ч асуудалтай, өндөр санхүүжилт шаардлагатай байгаа юм. Энэ талаар тус станцын нэгэн инженер “Мэдээж цахилгаан, дулааны шинэ станц барьж эх үүсвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлж байж байдал дээрдэнэ. Манай станцын хувьд өвлийн бэлтгэлийн төлөвлөгөөт засвар, үйлчилгээний ажлаа эхлүүлсэн. Гэхдээ олон улсад эрчим хүчний системийнхээ өгөгдлийг ашиглан тооцоолж, хаана, ямар гэмтэл гарахыг урьдчилан мэдэж сэргийлж чаддаг болсон. Илүү ухаалаг, цомхон хяналтын систем бий болгосон гэсэн үг. Мөн манай станцад маш олон техникийн зураг бий ч, урагдаж муудсан. Хэрэв уг зургуудыг бүгдийг сэргээн, онлайнаар үздэг, ашигладаг болговол хэрэгтэй байна. Яаралтай үед бид хаана, ямар гэмтэл гарсныг хуучирсан муу зурган дээрээс олж, ажиллах хэрэгтэй болдог. Үүнийг эхний ээлжид шийдвэрлэвэл зохино. Өндөр хүчин чадалтай, шинэ станцууд хурдан ашиглалтад оруулахад ихээхэн хөрөнгө мөнгө шаардлагатай. Тиймээс эхний ээлжид иймэрхүү ажлаа хийж, дотоод нөхцөл бололцоогоо дээшлүүлж байх сан” гэлээ.
“ДЦС-V”-ЫН САНХҮҮЖИЛТЫН 20 ХУВИЙГ БҮРДҮҮЛЭВ
Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутагт 340 Гкал дулаан, 300 МВт цахилгаан үйлдвэрлэх хүчин чадалтай “ДЦС-V”-ын барилгын ажлыг эхлүүлсэн. Нийт 658 сая ам.долларын өртөгтэй уг станцад шаардлагатай санхүүжилтийн 20 хувийг буюу 450 орчим тэрбум төгрөгийг нийслэлийн хөрөнгөөс гаргахаар болсон юм. Тиймээс орон нутгийн бонд гарган, 200 тэрбум төгрөгийг нь босгож, ажлаа эхлүүлснээ нийслэлийн Засаг даргын Тамгын газар (НЗДТГ)-аас мэдээлсэн. Тендерт Камбожийн “Митайм интернэйшнл” компани шалгарсан. Тэгвэл тус компанийн ажил хэвийн үргэлжилж, төлөвлөсний дагуу газар шорооны ажлаа эхлүүлээд байгаа гэнэ. Уг станцыг 2028 онд ашиглалтад оруулна хэмээн мэдээлж буй ч “Митайм интернэйшнл” нь цахилгаан станц барьж байсан туршлагагүй. Мөн эрс тэс уур амьсгалыг мэдэхгүй халуун орны хүмүүс дэлхийн хамгийн хүйтэн нийслэлд цахилгаан станц барихаар болсон нь ашиг сонирхлын зөрчилтэй, дотоодын компаниудын боломжийг хаасан шалгаруулалт хэмээн хардах хүмүүс ч бий.
Эрчим хүчний сайдаар ХҮН намын гишүүн Б.Найдалаа сонгогдсон. Шинэ сайд Б.Найдалаа салбарынхаа ажилтай танилцахын хамтаар аймгууд дахь эрчим хүч, дулааны станцуудын даргаар “өөрийн хүмүүсээ” томилох ажлыг эхлүүлээд байна. Мөн эрчим хүчний асуудлыг Засгийн газрын түвшинд хэлэлцэн, салбарын реформ хийнэ гэдэг “алдарт үг”-ийг ахиад л хэллээ. Реформ гэмэгц л үнэ нэмэх нь гэсэн ойлголт төрдөг болов. Учир нь аль 30 жилийн өмнө л эрчим хүчний салбарт реформ хийнэ, үнэ чөлөөлнө, бүтээгдэхүүн, үйлчилгээний ханшийг үйлдвэрлэлийн өртөгт нь нийцүүлнэ гэж ярьцгааж байсан юм даг. Гэсэн ч юу ч өөрчлөгдсөнгүй, цахилгаан доголдсон төдийгүй, үнэ нь сүүлийн 7-8 жилд л гурав дахин өссөн үзүүлэлттэй байна. Хэрэв салбарын өрийг бууруулж, ашигт ажиллагаагаа өсгөн, тарифаа бага багаар, үе шаттай нэмж, зардалтайгаа уялдуулж ирсэн бол өдгөө ийм байдалд хүрэхгүй болов уу. Бас сэргээгдэх эх үүсвэрээс цахилгаан үйлдвэрлэнэ, эрчим хүчний салбарт хувийн хэвшлийн оролцоог өсгөнө гэж олон жил ярьж буй “уриа үгээ” хэрэгжүүлсэн бол ингэтлээ дордохгүй байсан биз. Үүнээс гадна эл салбар ийнхүү уналтад орсон нь үе үеийн удирдах албан тушаалтнуудынх нь ашиг сонирхлын зөрчил, авлигаас шалтгаалсан ч биз.
Шатахууны ханш сүүлийн хоёр сарын хугацаанд 50 орчим хувиар өслөө. Цаашид ч нэг литр шатахуун багадаа 5000 төгрөг хүрэх төлөвтэй гэсэн. Мах, хүнс, өргөн хэрэглээний барааны үнэ гаарч, инфляц “талийсан”. Хэрэв цахилгаан, дулааны үнийг ахиад нэмнэ, энэ нь эрчим хүчний реформ юм гэсэн шийдвэр ЭХЯ-наас гаргавал иргэдийн амьжиргаа улам дордож, өрхийн санхүүд хүнд тусах нь дамжиггүй.
С.Дулам