ӨМӨЗО-ы Ордос хотод зохион байгуулсан насанд хүрэгчдийн жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын үндэсний шигшээ багийнхан ахлах дасгалжуулагч У.Эрдэнэбаатар, дасгалжуулагч П.Нямлхагва, Ч.Болдбаатар, Г.Болдбаатар, Н.Дагвасүрэн нарын удирдлагад оролцлоо. Хоёр дахь өдрийн барилдаанд эмэгтэйчүүдээс 57 кг-ын жинд Т.Ариунзаяа алтан медалийн төлөө БНАСАУын тамирчинтай хүч сорьсон ч нэмэлт цагт юүко үнэлгээ алдаж, мөнгөн медаль хүртэв. Тэрбээр хоёр жил дараалж, тивийн тэмцээнд дэд байрт шалгарч буй.Түүний дараа дэвжээнд зодоглосон жүдочдоос 63 кг-д Гавьяат тамирчин, ДАШТ-ий хошой хүрэл медальт Л.Энхрийлэн аваргын төлөө мөн БНАСАУын тамирчныг торгуулиар ялж, Азийн хошой аваргаар тодорсон. Тэрбээр өмнө нь 2024 онд болсон тэмцээнд түрүүлсэн юм. Хүнд жин болох +78 кг-д барилдсан А.Адьяасүрэн хүрэл медалийн төлөөх барилдаанд БНСУ-ын тамирчин, дэлхийн аварга Ким Хаюүныг ялж, шагналын тавцанд хоёр дахь удаагаа зогслоо. Тэрбээр Тайландад өнгөрсөн жил болсон “Бангкок-2025” тэмцээнээс хүрэл медальтай ирж байв. Манайхан “Ордос-2026”-д 19 орны тамирчидтай өрсөлдөж, гурван алт, тус бүр нэг мөнгө, хүрэл, нийт таван медальтай багийн дүнгээр тэргүүллээ.
Түүнчлэн холимог багийн барилдаанд манайхан Д хэсэгт эхний тойрогт гоц мөргөж, дараагийнхад Киргизстан улсын багийг 4:2- оор ялж, хэсгийн аварга болсон юм. Тэгвэл алтан медалийн төлөө Казахстаны шигшээ багийг хожиж, тэргүүн байрт шалгарав.