
Алтайн өвөр говь. Фотог гэрэл зурагчин У.Ганбаяр
ГОВИЙН УЛААН ЧОНЫГ ХАРСАН ХИЛЧИН
Хөх чоныхоо тухай монголчууд бид сайн мэднэ. Бидний тотем болсон чоно маань саарал, цагаан, хар, улаан зэрэг зүстэй байдгийг тэр бүр мэдэхгүй байх. Ахмад анчдын ярьдагчлан анд нүдээ аньж сураагүй, хурдан унаа, цэц сайтай буу агссан, алж талахын дон шүгэлсэн хүмүүс талд зээр даган амьдардаг, цагаан гэх чоныг бараг дуусгажээ. Торох юмгүй шахам талд хурдан унаагаараа хөөн, бахардуулж алсныгаа чононы ав хэмээн сайрхаж, хорио цээрийг умартан, сүүлийн 20 гаруй жилд хядаад дуусгаж байгааг амьтан судлаачид, нутгийнхан харамсан ярихыг бишгүй сонссон билээ. Зээрийн цагаан чоно одоо ихэд ховорджээ.
Хар чоныг Сибирээс манай нутагт орж ирдэг гэх. Бусад чононоос харьцангуй бие томтой, Монголд ховор энэ амьтныг агнасан нэгэн дийлдэшгүй араатан дарсан баатар мэт сайрхах. Хар чононы арьс “хийморь нь шовойсон” эрчүүдийн ажлын өрөө, гэрийнх нь хананд өлгөөтэй байхыг нэг бус удаа харсан билээ.
Саарал чононы хувьд амьдрах орон зай нь улам бүр хумигдсаар. Асга хадтай уул нурууд л сүүлчийн хоргодох нутаг нь болов.
Монголд улаан чоно гэж байсныг мэдэх, сонссон хүн өнөө үед амьтан судлаачдаас өөр бараг байхгүй байх. Улаан хүрэн зүстэй энэ чоно говьд амьдардаг байжээ. Хамгийн сүүлд 1964 онд хүн харсан гэж тэмдэглэсэн байдаг юм гэсэн. Тиймээс энэ чоныг устаж үгүй болсон амьтны жагсаалтад оруулаад байгаа юм билээ.
Тэгвэл 1960-аад оноос хойш огт үзэгдээгүй, устсанд тооцоод байсан улаан чоныг магадгүй хамгийн сүүлд харсан хүнтэй уулзлаа. Түүнийг Д.Болд гэдэг, ахмад хилчин, хурандаа. Тэрбээр говийн улаан чонотой таарснаа ийн хуучлав.
Говь-Алтай аймаг дахь хилийн отрядад Замын бэлхийн гэх застав байгуулж, би даргаар нь ажиллаж байлаа. Онгон зэлүүд тэр говьд хүн, мал, машин техник үзэгдээд, дуу чимээтэй бололгүй яах вэ. Нутаг усаа харамладаг ч юм уу, шөнө алгасалгүй чоно эргэж, заставыг тойроод улиад байх болов. Үүрээр заставаас зүүн хойшоо яваад бараагүй болдог. Хилийн манааг чоно дагаж, цэргүүд их айдаг болсноо ярьсан. Тэр үед Хятад, Вьетнамын дайн эхэлсэн үе. Манай хоёр улсын харилцаа өнөөгийнх шиг бус, таарамж муутайхан. Хил дээр буу дуугаргахыг командлалаас хатуу хориглодог байв. Тэгээд яах вэ, ямар ч гэсэн үргээлэг маягаар ганц хоёрыг буудахаар шийдлээ. 1979 оны хоёрдугаар сарын сүүлчээр болсон явдал. Оройн тооны дараа хоёр тэмээ уяж хонолоо. Заставын жижүүртээ “Чоно ульж эхлэхэд надад мэдэгдээрэй” гэсэн.
Баянхонгорын Мягмардорж гэдэг маш бяртай цэрэг манай заставт алба хаадаг байлаа. Түүнд “Бэлэн хоноорой, хоёулаа үүрээр чоно авлана шүү” гэсэнд нөгөөх маань дуртай байна аа. Манайхан түүнийг “тэмээ өргөдөг” гэдэг байсан юм. Яагаад ингэж нэрлэх болсон бэ гэхээр мань эр хилийн манаанд явахаар тэмээгээ тохошлох гэж байж. Хэвтэж байсан тэмээн дээрээ тохшоо тавьчхаад олмоо татуулах гээд урд хоёр хөлөөс нь өргөчихсөн, хажуугийн цэрэгтээ “Алив тэр олмыг татаад чангалаадах” гээд зогсож байсан гэдэг юм.
Шөнө заставын жижүүр сэрээж “За, чоно улиад эхэлсэн шүү, дарга аа. Лав 2-3-уулаа байх шиг байна” гэлээ. Хамт явах цэрэг маань намайг хүлээгээд зогсож байна. Хоёулаа тэмээгээ унаад чононы явдаг зүгийн эсрэг, баруун урагшаа гарч, тойрч явсаар заставаас таван км-т байдаг уулын бэлд хүрч, жалганд тэмээгээ уяж орхиод, заставын зүг рүү хараад хэвтлээ. Манай застав маш өндөр дэрсэн дунд байрладаг. Тэр дэрсэнд орсон тэмээ харагддаггүй байсан гэхээр их өндөр ургадаг байж дээ. Тэндээс л чоно гарна гэж тооцсон хэрэг. Бид хоёрын хойноос нар мандана, чоно өөдөөс ирэх байв. Би дурантай, мэргэн буудагчийн СВД буутай. Үүр цайлаа, нар ч мандлаа, чоно байдаггүй. Цэрэгтэйгээ хоёулаа хэвтээд л байлаа. Тэгсэн цэрэг маань “Дарга аа, нэг зээр гараад ирлээ” гээд шивнэж байна. Бууныхаа дурангаар харсан нээрээ л нэг зээр дэрсэн дундаас гараад, бид хоёрыг чиглээд ирж байна. “Хачин юм аа, чоно улиад байхад дэрсэн дотор хэвтэж байдаг зээр байдаг л юм байх даа” гэсэн шүү юм бодлоо. Бид хоёрын хажууханд байх жалгыг чиглээд явж байна. Зээрийн араас чоно ирнэ, тэр жалгаар гарах болов уу гэж ярилцаад цэрэгтээ “За чи буугаа аваад энэ жалганы нөгөө талд гар. Чи бид хоёрын дундуур чоно баараггүй гарна” гэж хэлээд буулгалаа. Нэг их удалгүй тар няр хийгээд явчихлаа. Эргээд харсан нөгөө цэрэг маань уруу руу бууж явахдаа хаданд халтирч, буугаа унагачхаж. Буу нь хаданд тар түр гэж явсаар нэг юм тогтлоо. Дотроо баахан зэмлээд эргээд хартал юун зээр миний өдөөс чоно гэхээр нэг л өөр, үнэг шиг улаан зүстэй амьтан хараад зогсож байх юм. Үнэг юм уу гэхээр хамаагүй өндөр. Дурандлаа, тэгсэн яах аргагүй л чоно. Улаан хүрэн зүстэй. Чоно харайлаа, хэд харайгаад л эргэж хараад зогсох юм. Тэгж явсаар нэг хөтөл дээр гараад над руу хараад хэсэг зогссон. Би дурангаар хараад байгаа. Ер нь буудъя гээд сумлаад хартал цаашаа даваад алга боллоо. Цэрэгтэйгээ тэмээгээр араас нь явсан ч зүг мөргүй алга болсон байсан. Заставтаа ирээд цэргүүдээсээ “Та нарыг дагаад байдаг тэр чоныг харсан уу” гэж асуухад үзсэн хүн байдаггүй. Манаанд явж байхад энэ тэнд нь гараад улиад, дагаад байдаг, ер харагддаггүй байсан гэв. Ийм л юм болсон. Түүнээс хойш тэр улаан зүсмийн чоныг дахиж харсан хүн гараагүй.
Харин энэ явдлаас нэлээд хэд хоногийн өмнө Архангайн Батбилэг гэдэг цэрэг манаанаас бууж ирээд “Замдаа учиргүй том үнэгтэй” таарснаа ярьж байсан юм. Тэгэхээр тэр цэрэг үнэгтэй бус миний харсан тэр улаан чонотой таарсан байх магадлалтай. Манай хамаатан жолооч Дүгэр “Манай говьд улаан зүсмийн чоно байдаг” гэж ярихыг сонсож байснаас цаашгүй. Дээрх явдлын дараа Говийн их дархан газрын хамгаалалтын захиргааны даргаар ажиллаж байсан Авирмэдэд улаан чонотой таарсан тухайгаа ярилаа. Тэрбээр хаана, хэзээ яаж таарсан, ямархуу амьтан байна вэ гээд баахан байцаасан. Тэгээд “Монголын говьд улаан зүсмийн чоно амьдарч байсан, хамгийн сүүлд Эхийн голын хавьд хүн харсан тухай тэмдэглэсэн байдаг. Түүнээс хойш энэ чоныг устсанд тооцож байсан юм. Та харсан үзсэнээ дэлгэрэнгүй бичиж өгөөрэй” гэсэн. За тэгж байгаад бичиж өгнө дөө гэж явсаар байтал Авирмэдийг нас барсан тухай дууллаа. Түүнээс хойш улаан чононы тухай мартсан. Миний харснаар ердийн саарал чоно шиг бие хаатай ч нэлээд үсэрхэг, үл ялиг зэгзгэрдүү байсан. Би мазаалайтай хэдхэн алхамын зайтай таарч байсан. Мазаалай бусад баавгайг бодвол сэгсгэр гэмээр үстэй шүү дээ. Тэр үед би манай говийн амьтад бусад төрлөөсөө үс ихтэй байдаг юм байна гэж бодож билээ.
Манай заставын барилгыг Баянхонгор аймгийн Барилга трестийнхэн барьсан юм. Барилгачид ирэхдээ хүнсэндээ хэрэглэхээр хэдэн ямаатай ирсэн. Ямаанууд нь өглөөд манай заставын малтай хамт бэлчээрт гарна. Тэгсэн нэг өдөр хоёр ямаа алга гэнэ. Хайгаад явж байтал яах аргагүй чоно оржээ. Мөрөөр нь явж байгаад нэгийг нь чоно идсэн байхыг оллоо. Нөгөөх нь байдаггүй, хоёр чоно зэрэгцээд явсан мөр байх юм. Дагаад явахад хоёр чононы мөрийн дунд нэг юм чирэгдсэн мөр бас байна. Бид “Чоно ямаа дамжлаад явчихдаг юм байх даа” гэж ярилцаад цааш явж байтал нэг бутны ёроолд ямааны толгой байна. “Өө хөөрхий энд идчихээд, толгойг нь орхисон байна” гээд очоод өшиглөтөл хөдөлдөггүй, Тэгсэн толгойг нь цухуйлгаад газар малтаад булчихсан байсан юм даа. Сонин байгаа биз. Хангайн чоно бол барьсан амьтнаа идээд, сэгийг нь хаяад явсан байдаг. Чоно идшээ нуусан байхыг тэгж харсан шүү. Говьд мэдээж халуун. Үхсэн амьтан дороо л муудаж, өмхийрнө. Гэтэл өмхийрч, муудуулахгүй гэж байгаа юм шиг, бутны сүүдэрт булсан байгаа юм даа.
"Хурандаа Д.Болд хилчин төдийгүй зураач нэгэн. Тэрбээр улаан чоныг ийнхүү зуржээ"
ДОКТОР Р.САМЪЯА: МОНГОЛД ХЭЗЭЭ НЭГ ӨДӨР УЛААН ЧОНО ИРНЭ ГЭЖ ХҮЛЭЭСЭЭР БАЙГАА
Биологийн ухааны доктор, профессор Р.Самъяа 2013 оноос хойш Алтайн өвөр говьд судалгаа хийж байгаа нэгэн. Тэрбээр тус бүс нутгийн уст цэгүүдэд автомат камер суурилуулан говь, цөлийн бүсийн эко систем, тус бүс нутагт амьдардаг амьтдыг судалдаг юм. Түүнтэй Монголын говьд амьдарч байгаад ор мөргүй болсон улаан чононы талаар ярилцсанаа хүргэе.
1970-аад оноос хойш энэ амьтныг харсан үзсэн гэх баттай баримт байдаггүй. Тиймээс манай улс Монгол орны амьтны аймгийн улаан дансанд улаан чоныг Бүс нутгийн хэмжээнд устсан гэх ангилалд оруулсан байдаг. Яах вэ, энд, тэнд харсан гэх хүн мэр сэр байдаг ч улаан чоно мөн гэдгийг батлах баримт байдаггүй. Өөр амьтантай андуурсан байх магадлалтай шүү дээ. Яг улаан чоно байсан гэх баримт алга. Баттай баримт гэвэл 1943 онд манай төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Дондогийн Цэвэгмэд гуай Алтайн өвөр говьд судалгаагаар явж байхдаа сүрэг улаан чонотой таарснаа бичиж үлдээсэн. Д.Цэвэгмэд гуайн үндсэн мэргэжил нь биологич юм шүү дээ. МУИС байгуулагдсаны дараа жил Алтайн өвөр говиор судалгаа хийхээр явсан байдаг. Тэр үед МУИСийн Биологийн тэнхимийн туслах ажилтан байж. Ингэж явахдаа арав гаруйгаараа сүрэглэн яваа улаан чонотой таарсан тухайгаа бичиж үлдээжээ. Ер нь бол улаан чоно ганц нэгээрээ явах нь ховор, голдуу сүрэглэн явдаг гэж байгаа. Харсан хүмүү сийн яриагаар бол ердийн саарал чоныг бодвол намхан, саглагар сүүлтэй, богиновтор хөлтэй гэдэг. Хальт харсан хүн үнэг гэмээр. Гэхдээ үнэгээс том л доо. Д.Цэвэгмэд гуай Москвагийн их сургуульд биологич мэргэжлээр сурч, 1959 онд төгсөөд, тэндээ докторын зэрэг хамгаалсан. 1959-1960 онд судалгааны ажлаар Алтайн цаадах говиор дахин явсан байдаг.
Өмнөх нийгмийн үед гадаад валют олох зорилгоор ангийн арьс, үсийг нэгдсэн журмаар бэлтгэдэг, авдаг байлаа. Бэлтгэсэн арьс, үсийг нарийн шалгаж, технологийн дагуу боловсруулж, Лайпцигийн үзэсгэлэн худалдаанд оролцож, борлуулдаг. Толгойтод Түүхий эдийн бараа бааз гэж байсан. Бүх аймаг, сумаас ирүүлсэн ангийн арьс үс, эвэр энэ тэрийг тэнд төвлөрүүлдэг. Содон өнгө зүстэй амьтны арьс үсийг тусад нь авч, үзэсгэлэнд тавьдаг байв. Тийм нэг арга хэмжээнд Өмнөговь аймгаас ирүүлсэн шиг санаж байна, улаан чононы арьс байсан. Тэр үед тус аймгийн зарим суманд айлын мал руу улаан чоно ороод байна гэсэн мэдээлэл нэг бус удаа гарч байсан юм. Түүнээс хойш улаан чононы тухай яриа тасарсан.
-Та Алтайн өвөр говьд 10 гаруй жил ажиллахдаа улаан чонотой таарсан хүнтэй уулзаж байгаагүй гэж үү?
-Манай биологичдоос улаан чонотой таарсан хүн Д.Цэвэгмэд гуайгаас өөр байддаггүй юм. Устсанд тооцож байгаа энэ амьтантай таарсан гэх хүн цөөнгүй байдаг ч баттай баримт үгүй. Заставын мал руу чоно ороод байх боллоо. Мал барьсан, идсэн байдлаас нь харвал ердийн саарал чоно биш байна гэж хилийн цэргийнхэн хэдэн жилийн өмнө ярьж байсан. Улаан чоно байсан ч юм бил үү, мэдэхгүй шүү дээ. Гэтэл манай хилийн цаахан байдаг уулын орчимд байрлуулсан Хятадын хилийн харуулын камерт улаан чоно бичигдсэн байдаг. Энэ тухай хятадууд 2015 онд бичсэн. Тэгэхээр тэнд байгаа бол манайд байхыг үгүйсгэхгүй. Устаж үгүй болсонд тооцож байсан амьтад дахин бүртгэгдэх нь бий шүү дээ. Хэзээ нэгэн цагт бидний суурилуулсан автомат камерт бичигдэнэ, манай нутагт ирнэ гэж хүлээсээр байгаа. Манайд улаан чононы байнгын суурьшил үгүй болсон байж мэднэ. Тархмал нутгийнхаа зах хэсгээр амьдардаг амьтад байран суурин байдаггүй, шилжилт хөдөлгөөн ихтэй гэж үздэг.
-Улаан чоно Монголын унаган амьтан уу?
- Ер нь бол Зүүн өмнөд Азид өргөн тархсан. Дулаан уур амьсгалтай газар нутагт амьдардаг. Гэтэл Хөвсгөлд үзэгдсэн, Тувад байна гэх мэдээлэл гарч л байсан. Гол нь баталгаа алга.
“МОНГОЛЧУУД ШАР ХОРХОЙ ГЭЖ НЭРЛЭСЭН БАЙЖ МЭДНЭ”
...Уулын хавцал нарийсаж, асга чулуу нь ихсэн, үлэмж бартаатай болоход байн байн зогсож, өмнөх газраа нэгжин дурандаж явтал уулын хяр дээгүүр урт гонзгой биетэй, богинохон сагсагар сүүлтэй, урт хөлтэй, улаан шаргал өнгөтэй, сүүдгэр хэдэн амьтан цухалзаад далд орж явчив. Барагцаалбал арваад байсан болов уу, чухам ямар амьтан харснаа одоо ч хэлэхэд бэрхтэй. Бодвол Ноён сумын ардын ярьсан шар хорхой гэдэг нь байсан болов уу.
Үүнээс 50-иад жилийн өмнө Монгол нутгаар явсан шинжээчдийн тэмдэглэлд улаан чоно гэдэг, сүргээр явдаг араатны тухай бий. Бидний хальт харсан амьтад нь улаан чоно байхаас зайлахгүй юм. Түүнийг монголчууд шар хорхой гэж нэрлэсэн байж мэднэ. Загийн дунд урт шар амьтан зогсож байснаа гэнэт олон болсон гэж Ноён сумын ардын ярьсныг үзвэл сүргээр амьдардаг амьтан бүхэн амарч хэвтэхдээ заавал манаатай байдаг юм. Эхлээд ганц харагдсан нь манаа байсан биз. Бусад нь хэвтэж байгаад хэрэг болоход цувран босож ирэхийг шар хорхой газраас сугаран гардаг гэж ярилцдаг байж мэднэ. Монгол нутагт орших ховор амьтдын нэг болох улаан чоныг ийнхүү 1943 онд харсан юм.
Төр, нийгмийн зүтгэлтэн, биологийн ухааныдоктор, зохиолч Д.Цэвэгмэдийн “Алтайн цаадах говьд” номоос
АЛТУН УУЛЫН БҮСЭД ЗЭРЛЭГ НОХОЙ (УЛААН ЧОНО)-Н ПОПУЛЯЦ ОРШИН БАЙНА
Dhole буюу зэрлэг нохой (Хятадууд улаан чоныг Азийн зэрлэг нохой хэмээн нэрлэдэг юм байна. Харин латин нэршил нь Cuon alpinus)-н овгийн амьтан нь IUCN (Дэлхийн байгаль хамгаалах холбоо)-ны Улаан дансанд “Ховордсон” гэх ангилалд багтдаг бөгөөд БНХАУ-д II зэрэглэлийн хамгаалалттай зүйлд бүртгэгдсэн байдаг. Баруун Хятадад энэ зүйлийн оршин байгаа, эсэхийг илтгэх мэдээлэл маш ховор. Тэгвэл Шинжаан-Уйгарын өөртөө засах орны Алтун хуурай бүсийн дархан цаазат газарт зэрлэг нохой байгаа тухай танилцуулъя. Тус газрын 10 уст цэгт 2011-2013 онд байршуулсан 4517 автомат камерын гуравт нь долоон бодгаль бүртгэгдлээ. Мөн Ганьсу мужийн Алтун уулын ойролцоох дархан цаазат өөр нэг газарт байрлуулсан камерт мөн бүртгэгдсэн байна. Дээрх мэдээллүүдээс үзвэл Алтун уулын бүсэд зэрлэг нохой амьдарч байгаа нь батлагдлаа. Иймд энэ бүс нутгийн хамгаалалтыг нэмэгдүүлж, зэрлэг нохой болон тэдний идэш тэжээл болдог амьтдыг агнах, хууль бус агнуурыг таслан зогсоохоор хамгаалалтын арга хэмжээ авах нь зүйтэй.
Европын зэрлэг амьтан судлалын сэтгүүлд БНХАУ-ын биологич Yadong Xue нарын нийтлүүлсэн өгүүллээс
Д.Заяабат