Хустайн байгалийн цогцолбор газар (БЦГ)-т нутаглаж буй зэрлэг адуун сүрэгт энэ оны анхны унага мэндэлснийг тус газрын хамгаалалтын захиргаанаас мэдээллээ. Уг унага нь Бригад азарга, Фрида гүүний үр төл бөгөөд одоогоор Хустайн нурууны нийт нутаг дэвсгэрийн 60 гаруй хувьд тахь идээшлэн нутагшиж буй гэнэ.
Адууны овгийн амьтдаас хамгийн сүүлд буюу 1881 онд шинжлэх ухаанд бүртгэгдсэн тахийн хамгийн сүүлчийн тоо толгой Монгол нутагт үлдсэн ч байгалийн болон хүний хүчин зүйлийн нөлөөгөөр 1969 онд зэрлэг байгальд бүрмөсөн устаж үгүй болсон түүхтэй. Анх 1992 оны зургаадугаар сарын 5-нд буюу Дэлхийн байгаль хамгаалах өдөр 16 тахь эх нутгийнхаа хөрсөнд хөл тавьсан бол түүнээс хойш таван удаагийн тээвэрлэлтээр нийт 84 тахь авчирсан юм. Эдгээр бодгаль өдгөө 350 орчим болж өсөн үржсэнээр Хустайн нуруу нь дэлхийн хамгийн олон тахьтай бүс нутаг болоод байна.
Тахийг дэлхийн сүүлчийн бөгөөд цор ганц зүйл зэрлэг адуу хэмээн судлаачид хүлээн зөвшөөрдөг. Тахь нь биологийн бүтцийн хувьд жирийн адуунаас ялгаатай буюу 66 хромосомтой. Биеийн хэмжээ харьцангуй жижиг буюу мундааны өндөр нь 125- 147 см, жин нь 240-300 кг орчим. Адуутай харьцуулахад хүзүү богино, толгой томтой. Тахийн зүс голдуу хул хонгор, хамрын нүхний орчим цайвар өнгөтэй байхаас гадна шилбэ, өвдөгний ар тал болон борвиндоо хөндлөн хар судалтай, босоо дэлтэйгээрээ онцлог. Мөн мундаанаас зоо нурууг даган сүүлний цацаг хялгас хүртэл хар бор тууш судалтай байдаг нь зэрлэг адууны гол шинж аж.
Э.Сүйлэн