Улаанбаатар хотын золбин нохдын популяц дахь бэтгийн хорхойн халдварыг үнэлэх тандалт, судалгаа хийснээ Зоонозын өвчин судлалын үндэсний төв (ЗӨСҮТ)-өөс өчигдөр мэдээллээ. Тус төвийн халдвар хариуцсан I багийн мэргэжилтнүүд өнгөрсөн сарын сүүлчийн өдрүүдэд энэхүү судалгааг хийж гүйцэтгэсэн байна. ЗӨСҮТ-ийнхөн 2019-2020 онд нийслэлийн хэмжээнд дээрх тандалтыг хийх үеэр золбин ноход таван төрлийн зоонозын гельминтээр халдварласан байсныг илрүүлжээ. Үүнээс бэтгийн хорхойн халдварлалт 12.1 хувьтай оношлогдож. Тэгвэл энэ удаагийн тандалт, судалгааг Цагаандавааны гэгддэг нэгдсэн хогийн цэгт зохион байгуулж, золбин нохдоос нарийн гэдэсний сорьц цуглуулан, лабораторийн шинжилгээ хийж байгаа аж. Тус судалгааны үр дүн нь нийслэлийн хэмжээнд зоонозын халдварт өвчний эрсдэлийг үнэлэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээг төлөвлөхөд чухал ач холбогдолтой гэв.
О.Оргилох