УИХ дахь АН-ын бүлгийн өчигдрийн хуралдааны талаар дарга О.Цогтгэрэл, гишүүн Б.Жаргалан, Ч.Лодойсамбуу болон ерөнхий нарийн бичгийн дарга С.Баярцогт нар мэдээлэл хийлээ. АН-ын Улс төрийн зөвлөл хуралдаад “Ерөнхий сайдад итгэл үзүүлэх, эсэхээр шийдвэр гаргуулах чиглэлд шахаж ажилла” гэжээ. 2026 оны төсвийн тодотгол, ирэх оны төсвийн төслийг эрх баригч намын бүлэг нь бүрэн дэмжиж, итгэл үзүүлж байгаа юу гэдгийг тэд асуух гэнэ. УИХ-ын дарга хууль зөрчсөн төсвийн төсөл хүлээж авсан хэмээн сөрөг хүчнийхэн үзсэн. Энэ талаар тус намын дарга О.Цогтгэрэл “Төсвийн хүрээний мэдэгдэлд орлогыг 43 их наяд болгох тухай ямар ч хязгаар тавиагүй. Одоо хэрэгжиж буй хуулийн хүрээнд л тодотголыг оруулж ирэх ёстой. Гэтэл тодотголын төслөө дагалдуулаад Төсвийн хүрээний мэдэгдлээ өөрчлөхөөр оруулж ирлээ. Ирээдүйд Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулаад ялгүй болгох учраас өнөөдөр би хүн ална гэж байгаатай адил явдал шүү дээ. Засгийн газраас залилангийн төсөв өргөн барьсан. Мөн Засгийн газрын гишүүдийн нэр холбогдсон хулгайн асуудал хэрээс хэтэрлээ. ХЗДХ-ийн сайд нь төлөөллөөрөө дамжуулан ял наймаалцаж байгаа бичлэг олон нийтэд цацагдлаа. Энэ бол улс төрийн хариуцлага хүлээгээд зогсох биш, Эрүүгийн хуулийн дагуу арга хэмжээ авахуйц ноцтой асуудал. Гадаад харилцааны сайд нь өөрийн компанид гадаад паспортоо хэвлэдэг болж. Зам, тээврийн сайд гадаадын хөрөнгө оруулагчдыг луйвардсан хэрэгт холбогдлоо. Энэ бүхнийг Ерөнхий сайд чимээгүй хараад сууж байна. Гэтэл Н.Учрал хамаарал бүхий хүнийхээ сургуульд 3.5 тэрбум төгрөг төсвөөс хуваарилахаар оруулж ирсэн гэлээ. Тиймээс Улс төрийн зөвлөлөөс гаргасан шийдвэрийг манай бүлэг биелүүлж ажиллана” гэв.
Гишүүн Ч.Лодойсамбуу “Би үе тэнгийн залуу учраас Н.Учралд найдсан. Олон хүнд хариуцлага тооцно гэж мэдэгдсэн, тэр юу болов. Хотын дарга асан нь Канадаас баахан заавар өгөөд сууж байна. МАН-ын дарга нь яг та мөн үү. Тэр экс хотын даргаа авчирч, улсын 500 тэрбум төгрөгийг нөхөн төлүүлж, хариуцлага тооцохгүй юм уу. Энэ удаа намын албан ёсны шийдвэр гарсан учраас дагаж ажиллана. Гэхдээ үүнд намын даргын албан бланк дахь огцруулах бичиг заавал гарын үсэг зур гэсэн чиглэл бол байхгүй” гэлээ.
Оюутолгойн Хувь нийлүүлэгчдийн гэрээнд өөрчлөлт оруулахаар тохирсноо Засгийн газраас өнгөрсөн баасан гарагт мэдээлсэн. Гэвч ямар өөрчлөлт оруулсан тухай тодорхой ямар ч баримт, мэдээллийг АН-ын бүлэгт өгөөгүйг Б.Жаргалан гишүүн ярьсан юм.