Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Киргиз улсад болж буй Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаанд оролцож байна. Тэрбээр эхний өдрөө Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч Садыр Жапаровтай уулзаж, улс төр, худалдаа, эдийн засаг гээд бүхий л салбарын харилцаа, хамтын ажиллагаа болон харилцан сонирхсон бусад асуудлаар санал солилцлоо.
Уулзалтын үеэр худалдааны эргэлтийг Евразийн бүс нутгийн хэмжээнд 100 сая ам.долларт хүргэх, аж үйлдвэр, хайгуул, тээвэр, ложистик, шууд нислэг, соёл, хүмүүнлэг зэрэг бүхий л салбарын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар ярилцсан байна. Хоёр улсын худалдааны эргэлт 2023 онд 2.6 сая ам.доллар байсан бол 2025 онд 19 сая ам.долларт хүрчээ. Киргизийн Ерөнхийлөгч С.Жапаров 2023 онд Монголд, манай Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 онд тус улсад төрийн хариу айлчлал хийж, уламжлалт найрсаг харилцааг шат ахиулан, “Иж бүрэн түншлэл”-ийн харилцаа тогтоосон юм.
Мөн энэ өдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзав. Төрийн тэргүүн нар “Иж бүрэн стратегийн түншлэл”ийн харилцаа бүхий л салбарт өргөжин хөгжиж, улс төрийн харилцан ойлголцол, итгэлцэл улам бэхжиж байгаад сэтгэл хангалуун буйгаа илэрхийлсэн байна. Энэ үеэр талууд худалдааны эргэлтийг ирэх таван жилд 30 тэрбум ам.долларт хүргэхээр тохиролцжээ. Цаашид харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн урт хугацааны тогтвортой хөгжил, төлөвлөлттэй уялдуулж, аж үйлдвэр, дэд бүтэц, ногоон хөгжил, эрдэс баялаг, сэргээгдэх эрчим хүчний салбарт гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь зүйтэй гэдэгт санал нэгдсэн байна.