Өмнөд Солонгосын шүүх Дэлхийн энх тайван, нэгдлийн төлөөх гэр бүлийн холбоо буюу Мүүний шашны тэргүүн Хан Хак Жаг Ерөнхийлөгч асан Юн Сок Ёлын засаг захиргаанд нөлөөгөө тогтоох зорилгоор бусдад хахууль өгсөн, хууль бус санхүүжилт олгосонд буруутгаж, хоёр жилийн хорих ял оноолоо. Түүнчлэн Сөүлийн төв дүүргийн шүүхээс өдгөө 83 настай түүнийг тэргүүн хатагтай асан Ким Гон Хид “Chanel” брэндийн цүнх, үнэт эдлэл зэрэг тансаг зэрэглэлийн эд зүйлс өгсөнд буруутгасан байна. Өнгөрсөн оны аравдугаар сард тусгай прокурорын баг Хан Хак Жад холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн юм. Өөрөөр хэлбэл, тус хэрэг нь Юн Сок Ёл албан тушаалаасаа огцорсны дараа эхлүүлсэн хэд хэдэн мөрдөн шалгах ажиллагааны нэг хэсэг байжээ. Даргалагч шүүгч шийдвэрээ уншиж, сонсгохдоо “Тус шашинд ашигтай, нөлөөг өргөжүүлэх хүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх үүднээс уг гэмт хэргийг үйлдсэн” хэмээсэн аж.
Хан Хак Жа гэм буруугаа үл зөвшөөрч, доод албан тушаалтнууд нь өөрт нь мэдэгдэлгүйгээр ийм үйлдэл хийсэн гэж мэдэгдсэн байна.Түүнчлэн “Би мөнгөөр эрх мэдэл олж авахыг хүсдэггүй. Энх тайвны эх би бүх амьдралаа хүн төрөлхтний сайн сайхны төлөө зориулсан” гэсэн юм. Дэлхийн энх тайван, нэгдлийн төлөөх гэр бүлийн холбоо шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдахаа зарлаад буй. Түүний өмгөөлөгчид эрүүл мэндийн тулгамдсан асуудалтай хүн гэмт хэрэгт холбогдсоныг харгалзаж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг түдгэлзүүлэх хүсэлт гаргасныг шүүх зөвшөөрсөн гэнэ. Өнгөрсөн долоодугаар сард болсон шүүх хуралдааны үеэр прокурорууд түүнийг төлөөллийн ардчиллыг доройтуулсан хэмээн үзэж, нийт 13 жилийн хорих ял оноохыг хүссэн юм.
Д.Хэрлэн