Солонгос залуусын 80 гаруй хувь нь гэр бүл зохиох сонирхолтой бол гэрлээгүй Япон иргэдийн дунд эл үзүүлэлт 57.6 хувьтай байна. Тодруулбал, өнгөрсөн онд зохион байгуулсан БНСУ, Японы дээд хэмжээний уулзалтын үеэр хоёр улсын Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тэргүүнүүд бүс нутгийн өсөлтийг дэмжих, төрөлт саармагжих, хүн амын насжилттай тэмцэх чиглэлээр хамтарсан хороо байгуулсан юм. Тус судалгааг эл хорооныхон зургаагаас долоодугаар сарын хооронд 2000 солонгос, мөн тооны япон иргэнийг хамруулан хийж, үр дүнгээ өнгөрсөн ням гарагт танилцууллаа. Солонгос оролцогчдын 18.6 хувь нь насан туршдаа хэн нэгэнтэй гэрлэх ямар ч сонирхолгүй бол Японы залуучуудын дунд уг үзүүлэлт 42.4 хувь байсан аж.
Харин хүүхдийн тооны хувьд хоёр байх нь нэн тохиромжтой гэж олонх нь үзэж буй гэнэ. Гэрлэхэд шаардлагатай нөхцөлийн тухайд өөрийн болон ирээдүйн хань ижлийнх нь ажил мэргэжил, орлогын тогтвортой байдал хамгийн чухалд тооцогдож байна. Үүнийг солонгос оролцогчдын 51.8, япон залуусын 41.1 хувь нь сонгожээ.
Д.Хэрлэн