Хүүхэд багачууд шуугилдан гүйлдэх нь хичээлийн шинэ жил эхэлсний дохио. Сум, суурин газрууд бүхэлдээ дуу хуурт дарагдаж, цэцэрлэг, сургуулиуд “амь оров”. Энэ бол есдүгээр сарын 1. Хичээл эхэлсэн ердийн л нэг өдрийг гоёж гоодсон хүүхдүүд л “өнгө оруулдаг”. Ялангуяа, цэцэрлэгт анх орж буй балчир үрс, сургуулийн босго дөнгөж алхсан зургаан настнууд “чимдэг”. Гэтэл багш, сурагчдын баярын өдрийн гол дүр нь манай ерөнхий сайд Н.Учрал болчхов. Тэрбээр Боловсролын сайд Л.Энх-Амгалангийн хамт нийслэлийн ерөнхий боловсролын 57 дугаар сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцож, баярын мэндчилгээ дэвшүүлсэн юм.
Уламжлал ёсоор тусгайлан бэлдсэн индэр дээр хүүхдүүд дуулж, морин хуур эгшиглүүлж, хонх жингэнүүлэн дуугаргасны дараа Ерөнхий сайд сүр жавхлантайгаар заларч, 57 дугаар сургуулийг эрүүл, ногоон, ухаалаг, аюулгүй жишиг сургууль болгосныг зарласан билээ. Энэ үеэр тэрбээр нэгдүгээр ангийн сурагч, уйлж суугаа зургаан настай хүүг аргадаж, “Сургууль гоё шүү дээ, битгий уйл. Удахгүй аав, ээж нь ирнэ” хэмээн толгойг нь илэв. Сошиалд идэвхтэй монголчууд үүнийг нь нэн даруй шүүрч аваад “Багш нар Ерөнхий сайд шиг ингэж л хүүхэд тайвшруулна шүү” гэж ёжлох вэ. Үүгээр ч зогсохгүй, ахлах ангийн сурагчдаас “Намайг таньж байна уу” хэмээхэд нөгөөдүүл нь “Тимон. Од шүү дээ” гэж хариулах юм. Хамгийн хөгжилтэй нь, тус сургуульд УИХын гишүүн Н.Батсүмбэрэлийн нэрэмжит номын булан байсан нь Ерөнхий сайд, Боловсролын сайд хоёрыг ихэд алмайруулав. Монгол орны газрын зураг бүхий хэлбэртэй модон тавиур дээр 10 хүрэхгүй тооны ном өрөөстэй хэрнээ эрхэм гишүүний нэр тодоос тод дурайна. Үүндээ УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл ч өөрөө ичсэн байх. Эсвэл Чингэлтэй дүүргийн Засаг даргаас парламентад дэвшсэн хүнд ийм зэргийн эрх мэдэл байх юм болов уу.
Угтаа Засгийн газраас бодлогоор дэмжиж, НҮБ-ын Хүүхдийн сантай хамтарч, 57 дугаар сургуулийг үндэсний хэмжээний жижиг сургууль болгон өчигдөр нээсэн нь энэ юм. Тухайн сургууль зөвхөн халаалт, цахилгаандаа жилд 307 сая төгрөг зарцуулж байсан бол өдгөө 50 кВт-ын нарны цахилгаан үүсгүүр, 46.8 кВт-ын батарей хуримтлуурын системтэй болжээ. Хэмнэсэн зардлаараа сургуулийн дотоод агаарын чанарыг сайжруулж, эко орчин бүрдүүлж, гадна талбайдаа гэрэлтүүлэг тавьж, аюулгүй байдлаа хангасан байна. Мөн 402 хромбүүктэй болсноор биологи, математик, физик зэрэг хичээлээ 3D хэлбэрээр үзэж болох гэнэ. Энэ нь боловсролын салбарын нэг чухал үйл явдал байв. Харамсалтай нь, сайд, дарга нарын олон нийтэд таалагдах гэсэн уянгын халил нь хэтрээд утгыг нь алдагдуулчихлаа.
Ерөнхий сайдаас гадна УИХ-ын зарим гишүүн, албан тушаалтнууд сургуулийн нээлтэд оролцсон юм билээ. Тухайлбал, нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва Баянзүрх дүүргийн XX хорооны нутаг, Гачууртын сургуулийн нээлтэд оролцож, 2027 оны зун гэхэд шинэ байртай болгоно хэмээн амласан. Хотын төвөөс 20 орчим км-т байрладаг, 64 жилийн “настай” уг сургуулийг буулгаж, шинийг барих цаг хэдийн болсон. Чухамдаа тэнд ажилладаг багш, ажилтнуудыг тордохгүй бол захын хорооллын сургуульд ажиллах боловсон хүчин олдохгүй болоход ойрхон байна. Учир нь орон нутаг болон хотын алслагдсан бүсэд ажилладаг багш нарт олгодог цалингийн 40 хувь, тав, арван жил ажилласны нэмэгдэл урамшуулал бүгдийг нь хасчихсан гэнэ. Түүнчлэн засвараа хийж дуусаагүй цөөнгүй сургууль хүүхдүүдээ танхимаар хүлээж авахад ч бэрхшээлтэй тулгараад байна. Нэг ангид 50-иас дээш хүүхэд сурдаг байдал одоо ч хэвээр. Гэтэл салбарын сайд нь хотхоны 28 сургууль байгуулсан, сум дундын болон аймагт төрөлжсөн ахлах сургууль байгуулна. Нэг ангид 35-уулаа сурдаг болно гэх зэргээр “тэнгэрийн зүйл” ярьсаар. Индэр дээрээс л боловсролын салбар сайхан харагддаг бололтой.
Ч.Цэлмэг