Монголын сэтгүүл зүйн “Их хурд” буюу БАЛДОРЖ шагнал жил бүр шилдгүүдээ тодруулдаг байсан 2008-2018 оны хоорон дахь 10 жил бол шинэ үеийн сэтгүүл зүйн хөгжил, шинэчлэл, өөрчлөлт, төлөвшилд томоохон түлхэц өгсөн үсрэнгүй дэвшлийн түүхэн мөчлөг байсныг салбарын мэргэжилтнүүд, судлаачид, багш нар, “гал тогооныхон” маань ил, далд ярьдаг, дурсдаг хэвээр. Монгол Улсад мэргэжлийн сэтгүүл зүйн бүтээлүүдийг дэмжин урамшуулах, сэтгүүл зүйн судлал, шүүмжийг хөгжүүлэх зорилгоор нэрт сэтгүүлч, зохиолч Цэрэндоржийн Балдоржийн дурсгалд зориулсан БАЛДОРЖ шагнал бий болгох санаачилгыг 2008 онд “Балдорж” сангийн Удирдах зөвлөлөөс гаргаж, анхны жил зөвхөн сонины сэтгүүлчдийн дунд энэхүү шалгаруулалтыг явуулсан түүхтэй. Хоёр дахь жилээс нь телевиз, радио, сэтгүүл, сайт гээд сэтгүүл зүйн өргөн уудам талбарт өөр өөрийн чиглэлээр бүтээн туурвиж буй бүхий л сэтгүүлчийг хамардаг болж, жилд дунджаар 120 гаруй хүн 200 орчим бүтээлээ ирүүлэн, ур чадвараа сорьдог байв.
Шагналын сан төдийгүй нэр хүнд, ач холбогдол, хамрах цар хүрээгээрээ нийгэмд хүлээн зөвшөөрөгдөж, Монголын “Пулитцер” гэгддэг байсан БАЛДОРЖ шагналын 10 жилийн түүхэн дэх шилдэг бүтээлүүдийг “Өнөөдөр” сонин цувралаар уншигчдадаа хүргэж байгаа билээ.
2014 оны БАЛДОРЖ шагналын Шилдэг 10-т “Өнөөдөр” сонины сэтгүүлч Д.Заяабат “Төрийн алба төрлийн алба болсон уу: Татварын ерөнхий газар” нийтлэлээрээ шалгарсан юм.
Ерөнхий сайд Н.Алтанхуягийг “Шантаршгүй монгол хүн”-ээр өргөмжилсөн нь ёстой “нүдээ олсон” үйл явдал болов. Тэрбээр үнэхээр шантаршгүй нь их олон зүйл дээр харагддаг. Хамгийн наад зах нь л “Удирдаж буй Засгийн газар чинь данхайгаад байна шүү” гэж олон нийт төдийгүй Ерөнхийлөгч хүртэл хэлээд байхад “Үгүй ээ” гээд л үхэн хатан зүтгээд байгаа. Ард түмнийхээ, Төрийн тэргүүнийхээ үгийг үл тоож, шантаршгүйгээр тэмцэж буй ийм хүнийг тийн өргөмжлөх нь зүйн хэрэг. Ерөнхий сайд болмогцоо хийсэн түүний олон томилгоо хууль бус болсныг олон нийт, хэвлэл мэдээллийнхэн ихэд шүүмжилсэн. Гэтэл тэр бүхнээс нэгийг нь ч авч хэлэлцээгүй.
Н.Алтанхуяг улаан нүүрээрээ, шантаршгүйгээр хамгаалж буй хүмүүсийн нэг бол Татварын ерөнхий газар (ТЕГ)-ын даргын түр орлон гүйцэтгэгчээр хууль бусаар томилогдсон хэдий ч нэг жил гаруй ажиллаж буй Т.Батмагнай. Төрийн мэргэшсэн, шударга албан хаагчид ажиллах учиртай энэ чухал агентлагийг Ерөнхий сайдын халаасны хүмүүсийн нэг тэрбээр төрөл арилжуулж, найз нөхөд, шахааны хү мүүсийн алба болгоод байна.
1. Т.Батмагнай, ТЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч. 1991-1994 онд Санхүү, эдийн засгийн техникум төгссөн. Төрийн албанд нэг өдөр ч ажиллаж байгаагүй энэ эр сүүлийн 10 жил “Чингис хаан” банкны дэд захирал байжээ. Энэ банкийг ОХУ-ын иргэн С.Громов байгуулж, нэлээд хэл ам таталж байсан юм даг. Одоо байдаг, эсэх нь мэдэхгүй, байдаг бол ихэд нууцлаг үйл ажиллагаа явуулдаг байх гэмээр. Т.Батмагнай АН-ын гишүүн, “Монгол хүн 2020” хэлэлцүүлгийн “Эрүүл чийрэг монгол хүн” дэд Ажлын хэсгийн ахлагч байсан. Төрийн албанд ажиллаж байгаагүй ч банк, санхүүгийн мэргэжилтэй, хувийн банкны дэд захирлаар 10 жил ажилласан түүнийг ТЕГ-ынхан залуу, эрч хүчтэй хүн ирлээ хэмээн хүлээж авсан гэдэг юм билээ. Авлигад хамгийн их өртөмтгий байгууллага, албан хаагчдын жагсаалтад дээгүүр жагсдаг ТЕГ-т ирсэн даруйдаа тэрбээр төрийн мэргэшсэн алба хаагчдыг халж солихоос ажлаа эхэлсэн аж. Өөрөө хууль бусаар томилогдон ирсэн энэ залуу Татварын ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн тав дахь хэсэгт заасан “Татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дарга болон аймаг, нийслэл, дүүргийн Татварын газар, хэлтсийн даргыг татварын албанд гурваас доошгүй жил ажилласан, татварын улсын байцаагчийн эрх бүхий төрийн албан хаагчдаас Төрийн албаны тухай хуулийн 17-гийн нэг дэх хэсэгт заасны дагуу сонгон шалгаруулж томилно”, Төрийн албаны тухай хуулийн энэ хэсгийн “Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа буюу төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингээр сонгон шалгаруулах замаар орон тоог нөхнө гэсэн” заалтыг зөрчиж, тэр ч бүү хэл Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгад татварын албыг мэргэшсэн удирдлагаар хангахад чухал ач холбогдолтой 27-гийн тав дахь заалтыг хасаж, хуулийг өөртөө нийцүүлэн батлуулж, ТЕГ-ын дарга болохоор санаархаж байна гэж учир мэдэх хүмүүс ярив. Түүний энэ санаархал биелэх байх л даа. Учир нь эрх баригчид тэр байтугай юмыг хийгээд байгааг олон түмэн хангалттай харж байна. Ямар сайндаа л нэг агентлагийн даргыг томилох гэж ажлын байрных нь тодорхойлолтыг багш мэргэжилд нь тохируулан өөрчилж байх вэ дээ. Т.Батмагнайг дээрх газрын даргын орлон гүйцэтгэгчээр хууль бусаар, хугацаагүйгээр томилсноор татварын маргаан таслах, төсвийн орлогын бүрдлийг хангах, захиргааны хэрэг шийдвэрлэх ажиллагаанд олон хууль, тогтоомж зөрчигдөхөд хүрсэн аж. Тухайлбал, татварын албадын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөл нь татварын улсын байцаагчийн акт, дүгнэлтийн хууль зүйн үндэслэлийг татвар төлөгчийн гомдлоор захиргааны журмаар урьдчилан хянан шийдвэрлэдэг. ТЕГ-ын дарга нь Татварын маргаан таслах зөвлөлийн шийдвэрийг тушаал гарган баталгаажуулж, хууль зүйн хувьд хүчин төгөлдөр болгодог. Гэтэл төрийн жинхэнэ албан хаагч бус түр орлон гүйцэтгэгчийн эрх зүйн чадамжгүй тушаал, шийдвэрүүд нь татварын албаны үйл ажиллагааг тасалдуулахад хүргэсээр жил гаруй болж байгааг Ерөнхий сайд мэдээгүй гэвэл түүн шиг худал юм үгүй. Энэ мэт хууль бус олон зүйл байсаар атал Засгийн газрын тэргүүн бүх юмыг өндөг аятай өөгүй мэтээр харагдуулах гэхдээ нийвийдсээр сууна. Т.Батмагнайг энэ байгууллагад ирснээс хойш татварын албаны түүхэнд анх удаа улсын төсвийн орлого 300 гаруй тэрбум төгрөгөөр тасарчээ. Тэрбээр татварын албаны бүх байцаагчаасаа улсын байцаагчийн эрх сунгах шалгалт авч, сар гаруй өнгөрсөн атал дүнг нь танилцуулаагүй атлаа “Шалгалтад олон хүн тэнцээгүй” хэмээн тодорхойгүй байдал үүсгэн төрийн чухал албаны ажлыг тасалдуулахад хүргэж, албан хаагчдаа дарамталсан шигээ суух болсон гэх. Т.Батмагнай өөрөө хууль зөрчин түр орлон гүйцэтгэгчээр ирсэн шигээ мөн л хууль зөрчиж, төрийн албыг хууль бус түр орлон гүйцэтгэгчээр дүүргээд байна.
2. С.Орхон, ТЕГ-ын Төрийн захиргаа, удирдлагын газрын даргын үүрэг гүйцэтгэгч. Тэрбээр Т.Батмагнайтай хамт магистрантурт нэг ангид суралцаж байсан. Төрийн албаны наад захын мэдлэггүй, асуудалд хувийн ашиг сонирхлоор ханддаг гэж хамт олон нь тодорхойлжээ. Сүүлийн нэг жилийн хугацаанд татварын албанд маш олон хүнийг шинээр авснаас тус байгууллагын цалингийн сан хүрэлцэхгүйд хүрсэн аж. Тиймээс бусад албан хаагчийнхаа үр дүнгийн урамшууллыг хасаж, авчирсан хүмүүсээ цалинжуулж байгаа гэнэ.
3. А.Тамир, ТЕГ-ын Бизнесийн зөвлөлийн дарга, ТЕГ-ын даргын орон тооны бус зөвлөх. Татвар, санхүү, бизнесийн зөвлөгөө өгдөг хувийн компанитай энэ залуу өөрийгөө Т.Батмагнай даргынхаа сайн найз хэмээн зарлаж явдаг гэсэн. Зөвлөгөө өгөх нэрийдлээр хууль зөрчиж, татварын асуудалтай хувь хүн, компаниудын төлбөрийг бууруулж, зөрчлийг аргалж өгдөг гэж хүмүүс барин тавин ярьдаг гэдгийг байцаагчид нь өөр хоорондоо шивэр авир хийдэг юм гэсэн. Түүний нэр дээр олон аж ахуйн нэгж, төрийн бус байгууллага байдаг бөгөөд тэр бүхнийг найз Т.Батмагнай, С.Орхон, Б.Даваацэрэн нартай хамтран байгуулсан гэж ярьдаг. Т.Батмагнай ТЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч болсноор нэг талд нь ТЕГ хэмээх төрийн алба нөгөө талд нь түүний зөвлөх А.Тамир, найз нарынх нь байгуулсан татварын зөвлөгөө өгдөг аж ахуйн нэгжүүд ашиг олох зорилгоор төрийн албаны ажлыг булаан авч, үндэсний хэмжээний мэргэшсэн алба тэдний мөнгө олдог хэрэгсэл болж буйд ажилтнууд нь толгойгоо сэгсэрч сууна.
4. Б.Даваацэрэн, ТЕГ-ын Хяналт, шалгалт, арга зүйн газрын даргын үүрэг гүйцэтгэгч. Т.Батмагнайтай хамт Санхүү, эдийн засгийн техникумын нэг ангид суралцаж төгссөн. Хувийн нэгэн компанид нягтлан бодогчоор ажиллаж байсан түүнийг татварын байцаагчид нь хяналт, шалгалтын ямар ч мэдлэг, туршлагагүй хэмээн дүгнэдэг юм байна. Татварын орлогын 100 гаруй тэрбум төгрөг завшсан хэрэгт холбогдон шүүхээр шийтгүүлэхдээ тулаад буй Ч.Гансү хийн оронд түүнийг түр орлон гүйцэтгэгчээр томилжээ. Сүүлийн үед Т.Батмагнай татварын давхар хяналт хийх ихэд сонирхолтой болоод байгаа гэсэн. Энэ газарт найзыгаа авсан нь Ч.Гансүхийн нэгэн адил хууль бус зүйл хийхээр зэхэж буй юм биш биз гэж хамт олон нь харддаг юм билээ.
5. Б.Даваадэмбэрэл, ТЕГ-ын Улсын төсвийн орлого хяналтын газрын даргын түр орлон гүйцэтгэгч. Т.Батмагнайтай хамт Санхүү, эдийн засгийн техникум төгссөн, дотнын андынх нь нэг.
6. Минжирмаа, ТЕГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга. Нотариатчаар ажиллаж байсан. Татварын эрх зүйн наад захын мэдлэггүй, татварын хууль тогтоомжийг нэг мөр хэрэглэх, хэрхэн ойлгох талаар иргэдийн хүсэлтэд хариулт өгөх чадваргүй нэгэн хэмээн хамт ажиллагсад нь түүнийг дүгнэдэг юм байна. Өндөр дүн бүхий татварын актууд түүний шийдвэрээр хүчингүй болж байгаад татварын байцаагчид гайхдагаа хэлсэн.
7. Цогтжаргал, ТЕГ-ын Татвар хураалтын газрын дарга. Т.Батмагнайг “Чингис хаан” банкны дэд захирлаар ажиллаж байхад тус банкыг хариуцсан татварын улсын байцаагч байжээ. Т.Батмагнай түүнд ач санаж, энэ албанд томилсон байх магадлалтай.
8. Б.Бадрал, ТЕГ-ын Татварын удирдлага, хамтын ажиллагааны газрын дарга. Т.Батмагнайн зөвлөх бөгөөд бизнесийн хамтрагч А.Тамирын найз. “ГолденМонголиа” компанийг хамтран үүсгэн байгуулагч түүнийг төрийн албанаас чөлөөлсөн байхад нь авчирч тавьжээ.
9.Хүрэлчулуун, ТЕГ-ын Эрсдэлийн удирдлагын газрын дарга. Т.Батмагнайтай банкны нэг салбарт хамт ажиллаж байсан.
10. Ц.Баярхүү, нийслэлийн Татварын газрын Хяналт, шалгалтын хэлтсийн татварын улсын ахлах байцаагч. Т.Батмагнайтай хамт Санхүү, эдийн засгийн техникумыг 1994 онд төгссөн.
11. Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн дарга. Т.Батмагнайг Ерөнхий сайд Н.Алтанхуягтай харилцахад гол гүүр нь болдог гэх. Энэ утгаараа ТЕГ-аас гарч буй аливаа шийдвэрт ихэд нөлөөтэй хүн гэгддэг.
12. Ц.Амартайван, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн дарга. Мөн л хууль зөрчин томилсон.
13. М.Болортуяа, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгч. Б.Батмагнайтай нэг сургуульд, нэг мэргэжлээр төгссөн. Хувийн компанид нягтлан бодогчоор ажиллаж байхдаа онц их хэмжээний татвар ногдох орлогыг нуун дарагдуулсан гэх яриа байдаг. Энэ мэдээлэл үнэн, эсэхийг хууль хяналтын байгууллагынхан тогтоох биз ээ.
14. Н.Болормаа, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн Татвар хураалтын хэлтсийн дарга. Т.Батмагнайн ангийн анд нь.
15. П.Батхүү, Төв аймгийн Татварын хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгч. Т.Батмагнайгийн ангийн анд. Түүнийг мөн л хууль зөрчин томилсон.
16. В.Баяраа, Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгч. ТЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгчтэй нэг сургууль төгссөн. Ангийн андаа томилохдоо түр орлон гүйцэтгэх хугацаа заалгүйгээр хууль зөрчин төрийн албанд ажиллуулж байна.
Ийнхүү Т.Батмагнай нь татварын хяналт, шалгалт, ногдуулалтын хяналт, маргаан таслах зөвлөл, татварын мэдээллийн тогтолцоо, хөрөнгө оруулалт зэрэг мөнгө, санхүү, төлбөр тооцоотой холбоотой ажлын байруудад өөрийн ангийн болон ашиг сонирхол нэгтэй хүмүүсийг байршуулжээ. Энэ бүгдээс үүдэн “ТЕГ хэмээх төрийн чухал албаны нэр хүнд унаж, улсын төсвийн орлого хэдэн зуун тэрбумаар тасалдсан” гэж татварын ажилтнууд шүүмжилж буй аж. Гэтэл Ерөнхий сайд энэ бүхнийг сонсоогүй мэт царайлан сууж байгааг юу гэж ойлгох вэ.
Т.Батмагнайг ТЕГ-ын даргын түр орлон гүйцэтгэгчээр томилсон шийдвэр, тус газарт түүний хийсэн томилгоо мөн л хууль бус болохыг эрх бүхий байгууллагууд тогтоожээ.
II ТӨРИЙН АЛБА ТӨРЛИЙН АЛБА БОЛСОН УУ: УЛСЫН ПРОКУРОР УУ, УВС, ХОВДЫНХНЫ ПРОКУРОР УУ
Монголд авлигыг цэцэглүүлж, улсын хөгжлийг хойш татаж, төр болон төрийн албан хаагчдын нэр хүндийг унагаж буй бусармаг үзэгдэл бол төрийн албыг төрлийн алба болгосон явдал. Төрийн албыг төрлийн алба болгож буй тухай сүүлийн арав гаруй жил лав ярилаа. Гэсэн ч байдал өөрчлөгдсөнгүй. Өөрчлөгдөхгүй байгаагийн шалтгаан нь хууль номдоо гэхээсээ энэ ажлыг гардан хийдэг улстөрчид, төрийн өндөр албан тушаалтнуудын хүсэл зоригтой холбоотой. Албан тушаалын дон,авлига цэцэглэхийн үндэс, нутгархах,намчирхах, улстөржих гэх мэт монгол төрийн нэр хүндэд халтай бүхний үндэс болсон энэ хорт үзэгдлээс салах хүсэл тэдэнд алга. Одоо тэгэхээр яах вэ. Өнөө мөрдөж байгаа Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг чанд мөрдөж, зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагыг чангатгаж, энэ хуулийг дагасан дүрэм, журмыг илүү боловсронгуй болгох шаардлагатай. Хууль зөрчсөн улс төрч, төрийн өндөр албан тушаалтнуудыг олон нийтэд ил тод зарлан, төрийн алба хаах эрхийг тодорхой хугацаагаар, эсвэл бүрмөсөн хасдаг болмоор байна. Тэгж байж бид төрийн албыг торлосон “төрлийн” хүчин зүйлээс ангижирна. Ерөнхийлөгчийн санаачилгаар саяхан зохион байгуулсан “Том төрөөс ухаалаг төр лүү” гэсэн үндэсний чуулганы үеэр Засгийн газрын 300 ажилтантай нэг агентлагийн 150 нь ах дүү, амраг садан, нэг аймаг, сумынхан байна гэсэн шүүмжлэл гарсан. Дэндэнэ дэндэнэ гэхэд хэтэрсэн энэ мэт явдлыг Төрийн албаны зөвлөл, хууль хяналтын байгууллагынхан анхааралдаа авсан гэж итгэе. Төрийн алба цэвэр тунгалаг, албан хаагчид нь шударга байх нь хууль хяналтын байгууллага, тэдгээрийн удирдлага ямар байхаас ихээхэн шалтгаалах билээ. Гэтэл энэ бүхэнд хяналт тавьж, засаж залруулж байх ёстой газрын нэг Улсын прокурорын ерөнхий газар, аймаг, нийслэл, дүүргийн прокурорын газрууд Увс, Ховдынхноор дүүрчээ. Үүнийг санамсаргүй явдал, зөвхөн энэ хоёр аймагт сайн хуульчид байдаг гэвэл итгэх хүн хэд бол. Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжав төрийн албыг хэрхэн төрлийн, найз нөхдийн алба болгосныг доорх жагсаалтаас харж болно.
1.Нийслэлийн ерөнхий прокурор Б.БатОрших. Увс аймгийн Зүүнговь сумын харьяат. Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжавын хамаатан гэж зарим хүн ярьж байсан. Оюутан байхдаа тэднийд нэг хэсэг амьдарсан гэдэг. Энэ өндөр албан тушаалд хүрэхэд нутгийн ах Д.Дорлигжавын дэмжлэг их байсан гэдгийг мэргэжил нэгтнүүд нь барим тавим ярьдаг юм билээ.
2.Б.Үнэнбат. УПЕГ-ын Тамгын хэлтсийн дарга. Д.Дорлигжавын гарын хүмүүсийн нэг гэгддэг. Түүнийг хаа томилогдсон газар хамт явдаг. Д.Дорлигжавыг Улсын мэргэжлийн хяналтын газрын дарга байхад тэнд дээгүүр алба хашиж байжээ. Түүнээс хойш салаагүй. УЕПГ-т ирснээсээ хойш барилга байшин гээд хөрөнгө мөнгөтэй холбоотой бүх зүйлийг гардан хийдэг нэгэн болсон гэх.
3. Д.Энхтөр. Чингэлтэй дүүргийн прокурор, Ховд аймгийн харьяат.
4. Б.Пүрэвжав. Багануур дүүргийн прокурор, Ховд аймгийн харьяат.
5. Т.Баярсайхан. Сонгинохайрхан дүүргийн прокурор, ерөнхий прокурор Д.Дорлигжавын ангийн анд
6. Н.Энхтуяа. Баянгол дүүргийн прокурор, ерөнхий прокурорын найз.
7. Ц.Бямбацогт. Улсын ерөнхий прокурорын орлогч, Увс аймгийн харьяат.
8. Ө.Алтантуяа. УПЕГ-ын хяналтын прокурор, Увс аймгийн харьяат.
9.Д.Мөнгөнцэцэг. УЕПГ-ын хяналтын прокурор, Д.Дорлигжавын ангийн анд.
10.Ё.Гэпилмаа. УЕПГ-ын хяналтын прокурор, Д.Дорлигжавын ангийн анд.
11. Ш.Алтанцэцэг. Улсын ерөнхий прокурор М.Алтанхуягийн үед Баянгол дүүргийн прокурорт хяналтын прокурор байсан. Энд ажиллаж байхдаа ёс зүйн алдаа гаргаж, ноцтой гэмт хэрэгтнүүдийн хэргийг хэрэгсэхгүй болгосон учир ажлаасаа халагдсан. Онц ноцтой гэмт хэрэгтнүүдийн хэргийг хэрэгсэхгүй болгосныхоо төлөө тэднээс авлига авсан гэгдэж байсан ч нотлогдсон, эсэх нь тодорхойгүй. Д.Дорлигжавыг ерөнхий прокурор болсны дараа прокурорын байгууллагад эргэн оржээ. Увс аймгийн прокурорын газарт хяналтын прокуророор ажиллаж байгаад Дорноговь аймгийн прокуророор дэвшсэн байна. “Түүнийг удахгүй нийслэлийн юм уу, УПЕГ-т ирэхэд гайхаад байх юмгүй” гэж мэргэжил нэгтнүүд нь ярьж байна. 12.Д.Бөхчулуун. УЕПГ-ын хяналтын прокурор, Увс аймгийн харьяат.
13.С.Алимаа. УЕПГ-ын хяналтын прокурор, Увс аймгийн харьяат.
14.С.Цэрэнсамбуу. Баянзүрх дүүргийн прокурор, Увс аймгийн харьяат. Д.Дорлигжав Ерөнхий прокурор болсныхоо дараа тус дүүргийн Прокурорын газрын бүх ажилтныг халахад ганцаараа үлдэж, дэвшсэн.
15. Б.Эрхэмбаяр. Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор. Д.Дорлигжавын туслах байгаад дэвшсэн. Ерөнхий прокурор хийгээд Нийслэлийн прокурорын итгэлт хүн гэгддэг. Тиймээс чухал хэргүүдэд хяналт тавьдаг гэнэ.
Улсын ерөнхий прокурорын газрын ажилтнуудын захаас нь нэрлэхэд л Д.Дорлигжав прокурортой нутаг ус нэгтэй, оюутан цагийн анд, найз нөхдийнх нь хүрээлэл цөөнгүй байлаа. УЕПГ-т ойр эх сурвалжийн өгүүлснээр тэнд ажилладаг хяналтын 40 шахам прокурорын тэн хагас нь Увс, Ховдын гаралтай хүмүүс байдаг гэнэ. Түүнчлэн санхүү, аж ахуй, үйлчилгээний ажилчдын талаас илүүг нь дээрх хоёр аймгийнхан эзэлсэн байдаг тухай яриа ч байна. Нийслэлийн есөн дүүргийн Прокурорын газрын тавд нь ерөнхий прокурорын гарын хүмүүс суужээ. Төрийн албыг төрлийн алба болгож буй яам, агентлагын сайд, дарга нар олон байгаа. “Өнөөдөр” сонин ийм байгууллагуудыг илрүүлэн нийтлэх болно.