ОХУ-ын Буриад улсын Тапхарын өндөрлөг хэмээх газарт “Чингис хааны өндөрлөг” нэртэй экологи, аялал жуулчлалын цогцолборыг удахгүй ашиглалтад оруулах гэж буй талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж байна. Энэхүү цогцолборын гол бүтээн байгуулалт буюу үзмэр нь Оросын уран барималч, Монгол Улсын Төрийн соёрхолт Даши Намдаковын бүтээсэн 12 жилийн дүрслэл бүхий хүрэл баримлууд гэнэ. Тэдгээр баримлыг байгалийн өвөрмөц тогтоц, хад цохион дунд уусан шингэсэн зохиомжтойгоор байршуулснаараа онцлог аж.
“Чингис хааны өндөрлөг”-ийг Буриадын түүх, соёл, шашны аялал жуулчлалын гол цэг болсон Иволгинскийн хөндийг бүхэлд нь тольдон харах боломжтой байршилд төлөвлөжээ. Энэ нь гадаад, дотоодын жуулчдад зориулсан амралтын бүс, 4.5 км урт аяллын зам, уран баримлын дурсгалаас бүрдэх бөгөөд аюулгүй байдлын үүднээс гэрэлтүүлэг, хяналтын камер зэргийг нь бүрэн шийджээ. ОХУ-ын холбогдох албаны хүмүүс цогцолборын бүтээн байгуулалттай биечлэн танилцаад, албан ёсны нээлтийг нь энэ сарын 11-нд хийх урьдчилсан тов зарласан байна.
Ж.Сувд