БНХАУ-ын зах зээл дэх коксжих нүүрсний үнэ арилжааны түүхэн дэх хамгийн өндөр өсөлттэй сараа үдэв. Тодруулбал, тус улсын Далянь түүхий эдийн бирж дэх коксжих нүүрсний фьючерс ханш наймдугаар сард ойролцоогоор 46 хувиар дээшилж, 2013 онд арилжаалж эхэлснээс хойших сарын хамгийн өндөр өсөлтийг үзүүлсэн байна. Ийнхүү нэмэгдсэн гол шалтгаан нь Хятадын дотоодын нүүрсний нийлүүлэлт хумигдсантай холбоотой аж. Хятадын нүүрсний томоохон олборлогч бүс болох Шаньси мужид тавдугаар сарын сүүлчээр нүүрсний уурхайд томоохон осол гарсны дараа уурхайнуудад аюулгүй ажиллагааны шалгалтыг эрчимжүүлсэн юм. Улмаар коксжих нүүрсний дотоодын нийлүүлэлт буурч, үнэ өсөх дарамт нэмэгджээ.
Коксжих нүүрс нь ган үйлдвэрлэхэд ашигладаг коксын гол түүхий эд учраас түүний үнэ өсөх нь ган үйлдвэрлэгчдийн үйлдвэрлэлийн өртөгт шууд нөлөөлдөг гэнэ. Хятадын дотоодын нийлүүлэлт хумигдахын зэрэгцээ дэлхийн зах зээл дэх нийлүүлэлтийн эрсдэл нэмэгдсэн нь үнийн өсөлтийг улам эрчимжүүлснийг “Ройтерс” агентлагт онцолсон байна.