Евразийн мониторингийн сүлжээг өргөтгөх зорилтын хүрээнд Монгол орны цэвдэгтэй бүсэд сүүлийн гурван жилд цаг уурын автомат 11 станц байгуулаад буйгаа ШУА-ийн Газар зүй, геоэкологийн хүрээлэнгийн судлаачид танилцууллаа. Тус хүрээлэнгийнхэн 2023 онд Хятадын ШУА-ийн Хүйтэн ба хуурай гандуу бүс нутгийн хүрээлэн буй орчин, инженерийн судалгааны хүрээлэнгийн цэвдгийн салбарынхантай хамтарсан судалгаа хийж, Монгол орны цэвдэгтэй бүс нутагт хойноос урагш чиглэсэн шугаман трансектын дагуу буюу Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулсад иж бүрэн таван автомат станц байгуулж байжээ. Мөн цэвдгийн идэвхтэй давхаргад хөрсний температур хэмжигчүүд суулгасан аж. Тэгвэл үүнээс хойших хоёр жилд зургаан станц нэмж байгуулснаар Евразийн цэвдгийн урт хугацааны мониторингийн сүлжээ үүсгэхэд ашиглах судалгааны цэгийн тоо хоёр оронтой тоонд хүрчээ. Энэ онд мөн тодорхой байршлуудад автомат станц суурилуулахаар бэлтгэлээ базааж байгааг тус академийн Газар зүй, геоэкологийн хүрээлэнгийнхэн дуулгалаа. Ташрамд дурдахад, манай улсын нутаг дэвсгэрийн 29.3 хувьд нь цэвдэг тархсаныг судлаачид тогтоосон бөгөөд энэ үзүүлэлтээрээ дэлхийд тавдугаарт жагсдаг аж. Дэлхийн нийт цэвдэгт бүс нутгийн 95 орчим хувь нь Монгол, Орос, Канад, БНХАУ, АНУ-д байдаг ба манай улс Сибирийн их цэвдгийн өмнөд хилийн шилжилтийн бүсэд оршдог онцлогтой гэнэ.
Н.Дүүл