
Герман улс стратегийн ач холбогдолтой нисэх онгоцны буудлаас илэрсэн тэсрэх бодис ачсан дронтой холбоотой хэрэгт ОХУ-ыг албан ёсоор буруутгав. Энэ талаар Германы Гадаад хэргийн сайд Йоханн Вадефул болон Дотоод хэргийн сайд Александр Добриндт нар мэдэгдлээ.
Тэд Берлин хотноо хийсэн хэвлэлийн хурлын үеэр Оросын тал уг халдлагыг зохион байгуулах техник технологи, мэдээллээр хангаж, гүйцэтгэгчдийг хөлсөлсөн болохыг онцлов. Түүнчлэн 8 дугаар сарын 4-ний шөнө Лейпцигийн Халле нисэх онгоцны буудалд Украины зэвсэг тээвэрлэхэд ашиглагддаг Антонов ачааны онгоцны ойролцоо 600 грамм тэсрэх бодис агуулсан дрон олдсон болохыг мэдээллээ. Уг тэсрэх төхөөрөмж ажиллаагүй тул аюулгүй өнгөрсөн байна.
Энэхүү хорлон сүйтгэх оролдлогын хариуд Герман улс Бонн дахь ОХУ-ын консулын газар болон тагнуулын үйл ажиллагаа явуулж байсан гэсэн хардлагыг удаан хугацаанд төрүүлж байсан Берлин дэх Оросын Соёлын төв болох барилгыг хааж байгааг Гадаад хэргийн сайд Йохан Вадефул мэдэгдэв.
Тус улсын канцлер Фридрих Мерц хожим нь мэдэгдэхдээ " Герман удаа дараа холимог халдлагын бай болж" байгаа гэв. Тэрбээр эл халдлага үйлдсэн хүмүүс "үнэ цэнийг нь төлөх болно" гэж анхааруулсан ч тодорхой хэн нэгнийг нэрлэсэнгүй.
ОХУ-ын Гадаад Тагнуулын Алба (SVR) хариу мэдэгдэлдээ Германы улс төрчид болон Европын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг мөрдөн шалгах ажиллагааны урьдчилсан үр дүнг хүлээлгүйгээр эл хэрэгт "Москвагийн гар" орсон гэж шийдвэр гаргалаа хэмээн буруутгажээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Герман улс эдийн засгийн асуудлаас болж Лейпцигт болсон нисгэгчгүй онгоцны ослын хариуцлагыг ОХУ-ыг гүтгэсэн гэж мэдэгдэв.
"Тус улсын эдийн засгийн уналт ил тод ажиглагдаж байна. Аж ахуйн нэгжүүд хаалгаа барьж, ард иргэд ажлын байраа алдаж, амьжиргааны түвшин буурч байна. Яах гэж энэ бүхнийг хийж байгаа нь тодорхойгүй. "түрэмгий Оростой" тулгарах шаардлагатай байгаа гэсэн л цорын ганц тайлбар нь юм. Нотлох баримт хаана байна? За, тэд нотлох баримтаа “шургуулсан" гэж тэрбээр хэлжээ.