“Аян трэйвел” компани болон Баян-Өлгий аймгийн Сагсай сумын бүргэдийн холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Сагсайн бүргэдийн баяр” энэ сарын 17-18-нд болох гэж байна. Ес дэх удаагийн баярын тасалбарыг өчигдрөөс 50 ам.доллароор борлуулж эхэлснийг зохион байгуулагчид нь мэдээллээ. Үүнд хоёр өдрийн хөтөлбөрт үйл ажиллагаа буюу бүргэдчиний парад, бүргэдээр ан ав хийлгэх, дуудах тэмцээн, казах түмний уламжлалт нүүдэл, гэр барих соёл, гар урлал, морин спортын үзүүлбэр, үндэсний урлагийн тоглолт зэрэг арга хэмжээг үзэж сонирхох үнийг багтаасан гэнэ.
Энэхүү арга хэмжээ нь бүргэдээр ан ав хийлгэх өв соёлыг дэлхий нийтэд сурталчлан таниулах, орон нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор манай улсад зохион байгуулдаг томоохон гурван баярын нэг юм. Тэр дундаа Сагсайн бүргэдийн баяр орон нутагт болдог учраас бүргэдчид өргөнөөр оролцдог онцлогтой. Өнгөрсөн жилийнхэд 60 гаруй бүргэдчин оролцсон бол энэ удаа мөн ийм тооны хүн бүртгүүлээд буй аж.