“Очир-ундраа” ХХК-ийн харьяа уул уурхай, дэд бүтцийн үйл ажиллагаанд ашигладаг тэсэлгээний хэрэгсэл, тэсрэх бодис үйлдвэрлэгч “Мера сервис” компанийн удирдах албан тушаалтнуудад эрх мэдлээ урвуулсан хэрэгт холбогдсон талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Уг хэргийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх өчигдөр нээлттэй хэлэлцэн шийдвэрлэлээ.
“Мера сервис” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Тэгшбуян, түүний дараа уг албан тушаалыг хаших болсон Г.Соёмбо, худалдан авалтын менежерээр ажиллаж байгаад өдгөө “Глобал” гэх компанийн ажилтан болсон Э.Галт, бизнес хөгжлийн менежер асан, өдгөө “Дорнод газар” ХХК-д инженерээр ажиллаж буй А.Билэгсайхан нар 2024 оны наймдугаар сараас 2025 оны арваннэгдүгээр сарын хооронд 1.7 тэрбум гаруй төгрөгөөр 13 удаа бараа бүтээгдэхүүн худалдан авахдаа Компанийн тухай хууль, аж ахуйн нэгжийнхээ дотоод дүрэм, журмыг зөрчсөн хэрэгт холбогдсон юм. Тэд өөрсдийн хамаарал бүхий аж ахуйн нэгжтэй зах зээлийн үнээс өндөр дүнтэй гэрээ, хэлцэл байгуулж, бүтээгдэхүүнээ нийлүүлээгүй байхад төлбөрийг нь шилжүүлж “Мера сервис” ХХК-д 932.4 сая гаруй төгрөгийн хохирол учруулсан хэмээн буруутгагдсан.
Нийслэлийн прокурорын газраас дээрх дөрвөн хүнд Эрүүгийн хуулийн 22.12-1 дэх хэсгийн “Хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан хувьдаа, бусдад давуу байдал тогтоох, ашиг хонжоо олох зорилгоор хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцэл, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас хохирол учруулсан” гэх заалтын дагуу яллах дүгнэлт үйлдсэн юм. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх хэргийг хэлэлцээд тэдэнд 4-5 сая төгрөгөөр торгох ял шийтгэв. Хэргийг шүүхэд шилжүүлэхээс өмнө “Мера сервис” компанид учруулсан 932.4 сая төгрөгийн хохирлоос Б.Тэгшбуян 111, Г.Соёмбо 30, Э.Галт 60, А.Билэгсайхан 200 гаруй сая төгрөг төлсөн аж. Үлдсэн 280 гаруй сая төгрөгийг А.Билэгсайхан төлөхөөр болсныг шүүх баталгаажуулсан юм.