Нэгдүгээр ангийн хүүхдүүд сурах бичиггүй есдүгээр сарын 1-тэй золгосон. Тэгвэл хичээлийн шинэ жил эхлээд нэг сарын хугацаа өнгөрсний дараа буюу өчигдөр зургаан настнуудад сурах бичгийг нь тарааж эхэлсэн талаар Боловсролын ерөнхий газраас мэдээллээ. Нэгдүгээр ангид дасан зохицох хөтөлбөр дуусаж, сурагчид сурах бичгийн үндсэн агуулгаар хичээллэж эхэлж буйг мэргэжилтнүүд тодотгосон.
Энэ талаар тус газрын дарга Х.Тамир “Нэгдүгээр ангийнхан “Би сурагч боллоо” дасгал ажлын номоо судалж дууссан. Сурах бичиг, дасгал ажлын дэвтэр, багшийн ном гэсэн гурван багцыг бүх дүүргийн сургуулиудад тарааж байна. Мөн орон нутаг руу хүргүүлж эхэлсэн. Зургаан хичээлийн сурах бичгээс гадна дасгал ажлын дэвтэр нэмэгдлээ. Үүнийг сурах бичигтэй уялдуулсан учир сурагчдад давуу талтай. Энэ хичээлийн жилээс сурах бичиг илүү хөнгөн, хүүхдийн цүнхний жинд тохируулсан. Сурах бичигт байршуулсан QR кодыг уншуулснаар авиа, дуудлага болон хичээлийн бусад агуулгыг дүрс, дуу, нэмэлт хэрэглэгдэхүүнтэй нь бүтээлч байдлаар үзэж, ашиглах боломжтой. Тухайлбал, дуу хөгжмийн хичээл дээр QR код уншуулаад сонсож болно. Мөн багшийн гарын авлагыг нэгдүгээр ангийн багшийн тоогоор хэвлэж гаргасан. Сурах бичиг, дасгал ажлын номыг хэрхэн ашиглах, гэрийн даалгаврыг хэт ачаалалгүй өгөх, тоглонгоо суралцах хөтөлбөрийн шинэчлэлтэй уялдсан арга зүйг үүнд тусгалаа” гэв.
Ч.Цэлмэг