ӨӨРИЙН ТААШААЛААС ГАДНА БУСДЫН ОРОН ЗАЙГ ХҮНДЭТГЭХ НЬ ЧУХАЛ
Өнөө цагт сүрчиг нь хүний дотоод ертөнц, өөрийгөө илэрхийлэх хэв маягийг үнэрээр дамжуулан өгүүлэх нэгэн төрлийн “хэл” болжээ. Гэвч хүн бүрийн мэдрэхүй харилцан адилгүй тул өөрт сайхан санагдсан үнэр эргэн тойрныхонд таагүй мэдрэмж төрүүлж болзошгүй. Учир нь сүрчгийн найрлага агаарт тархаж, тухайн орчинд буй хүн бүрийн хамарт хүрдэг аж. Ялангуяа агааржуулалт муутай, битүү орчинд хурц үнэр зарим хүний толгойг өвтгөж, дотор муухайруулах, амьсгал давчдуулах зэрэг зовуурь үүсгэх эрсдэлтэй. Тиймээс үнэртнийг хэрэглэхдээ зөвхөн өөрийн таашаалаа бодохоос гадна бусдын орон зай, тав тухыг хүндэтгэх нь зүйтэй.
Сүүлийн жилүүдэд зарим улс оронд сургууль, ажлын байр, эмнэлэг зэрэг нийтийн орчинд үнэрт бүтээгдэхүүний хэрэглээг хязгаарлах, “үнэргүй орчин” бүрдүүлэх бодлого хэрэгжүүлж байна. Тухайлбал, “Fragrance-free policies: A scoping review of definitions, implementation and gaps-2026” тойм судалгаанд ийм орчинд хэрэгжүүлж буй 63 бодлого, удирдамжийг авч үзжээ. Эдгээр нь үнэрт бүтээгдэхүүний хэрэглээг бууруулахаас гадна дотоод орчны агаарын чанарыг сайжруулах, үнэрт мэдрэг хүмүүсийг хамгаалах зорилготой аж. Үүний нэг жишээ нь Калифорнийн их сургуулийн Лос-Анжелес дахь салбарын Эмэгтэйчүүд судлалын төв юм. Тус төвийнхөн ямар нэгэн арга хэмжээ зохион байгуулахдаа оролцогчдод сүрчиг, үнэртэй тос зэрэг бүтээгдэхүүн хэрэглэхгүй байхыг урьдчилан зөвлөдөг. Мөн үнэрт мэдрэг хүмүүст зориулан тусад нь суудал гаргаж, үнэргүй гарын саван хэрэглэх боломж бүрдүүлжээ.
ТАНСАГ ШИЛНИЙ ЦААДАХ ҮНЭН
Үүнээс гадна бидний өдөр тутамдаа хэрэглэдэг сүрчгийн цаана төдийлөн анзаарагддаггүй өөр нэг тал бий. Тухайлбал, BBC агентлаг 2024 оны тавдугаар сард хийсэн сурвалжилгаараа “Lancome”, “Aerin beauty” зэрэг дэлхийд алдартай брэндэд түүхий эд нийлүүлдэг Египетийн мэлрэг цэцгийн тариалангийн талбайд насанд хүрээгүй хүүхдүүдийг шөнөжин ажиллуулдаг талаар мэдээлжээ. Үйлдвэрлэгчдийн шахалт, орлого бага зэрэг олон шалтгааны улмаас тариачин өрхүүд амьжиргаагаа залгуулахын тулд хүүхдүүдээрээ цэцэг түүлгэдэг юм байна.
Нөгөөтээгүүр бидний байгалиас заяасан мэтээр төсөөлдөг зарим үнэрийг үнэндээ лабораторид бүтээдэг аж. Жишээлбэл, цээнэ, фрезия зэрэг цэцэг байгалиасаа үнэр ялгаруулдаггүй ч тэдгээрийн нэр, өвөрмөц шинжийг сүрчгийн найрлагад ашиглахын тулд синтетик молекулын тусламжтайгаар үнэрийг нь дуурайлган бүтээдэг гэнэ.
МЭӨ 1200 ОНООС ЭХЛЭЛТЭЙ
Сүрчиг хэмээх нэршил нь латин хэлний per (дундуур, ашиглан) болон fumum (утаа) гэсэн хоёр үгнээс гаралтай. Энэ нь эрт үед мод, давирхай зэрэг анхилуун үнэрт түүхий эдийг шатааж, бурхдад өргөл өргөдөг байсан зан үйлтэй холбоотой аж. Сонирхолтой нь, түүхэнд нэрээ үлдээсэн хамгийн анхны химичдийн нэг нь МЭӨ 1200 оны үед Месопотамид амьдарч байсан Таппути-Белатекаллим хэмээх эмэгтэй байжээ. Тэрбээр цэцэг, тос зэрэг түүхий эдийг нэрэх аргаар хааны ордонд зориулсан анхилуун үнэртэн бүтээдэг байв.
Өдгөө үнэртэн нь тухайн хүний хэв маяг, өөрийгөө илэрхийлэх нэгэн чухал хэлбэр болжээ. Гэсэн хэдий ч үүнийг зөв бөгөөд зохистой хэрэглэхэд анхаарах зүйлс цөөнгүй бий. Хэтрүүлэн хэрэглэх нь өөрт төдийгүй эргэн тойрны хүмүүст таагүй мэдрэмж төрүүлж болзошгүй тул үнэртний сонголтоос гадна хэрэглэх хэмжээ, түрхэх цэг, хадгалах нөхцөлийг сайтар тооцох шаардлагатай. Тэгвэл сүрчгийг хэрхэн зөв зохистой хэрэглэх талаарх зарим зөвлөгөөг хүргэе.
Бугуйгаа хооронд нь үрж болохгүй. Хүмүүсийн түгээмэл гаргадаг алдаа бол бугуйндаа сүрчиг цацаад хооронд нь үрэх юм. Францын үнэртний мастер Франсис Куркжян үүнийг хамгийн буруу зуршил болохыг анхааруулжээ. Учир нь үрэлтээс үүсэх дулаан нь арьсны бүтцийг өөрчилж, улмаар үнэрийн “толгой нот”-ыг эвддэг байна.
Зөв цэгтээ цацах хэрэгтэй. Биеийн хамгийн дулаан хэсэг буюу бугуй, хүзүү, эгэм рүү ойролцоогоор 30 см-ийн зайнаас цацах нь тохиромжтой. Хувцас руугаа цацвал толбо үүсгэх эрсдэлтэй. Мөн хүний үс үнэрийг хамгийн сайн хадгалдаг ч найрлага дахь спирт нь хуурайшуулж болзошгүй тул зориулалтын мист ашиглах, эсвэл сам руугаа цацах нь.
Хуурай, харанхуй газар хадгалаарай. Сүрчгийг амьд биет шиг орчны өөрчлөлтөд маш мэдрэмтгий гэж үздэг. Иймд чийглэг ванны өрөөнд болон нарны шууд тусгалд байлгавал химийн найрлага нь өөрчлөгдөх аюултай. Тиймээс өөрийнх нь хайрцагт, тасалгааны температурт, хуурай бөгөөд харанхуй газар хадгалах нь бүтээгдэхүүний чанарыг алдагдуулахгүй байх хамгийн зөв сонголт юм.
Э.Сондор