Европын Холбоо болон ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны хамтарсан санхүүжилттэй “STREAM+” төслийн хүрээнд Сэлэнгэ аймгийн “Зүүнхараа” политехник коллежид мал зүйн техникчийн ангийг шинээр нээлээ. Энэхүү хөтөлбөр нь хөдөө аж ахуйн салбарын хүний нөөцийн чадавхыг бэхжүүлж, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн мэргэжилтэн бэлтгэх зорилготой юм. Ингэснээр суралцагчид онолын мэдлэгээ үйлдвэрлэлийн дадлагатай хослуулан эзэмшиж, мал аж ахуйн үр ашиг, чанарыг дээшлүүлэхэд шаардлагатай практик ур чадварыг орон нутагтаа эзэмших боломж бүрдэж байна.

Энэ талаар тус коллежийн захирал С.Сувдаа “Уг хөтөлбөр нь Германы туршлагад суурилсан хосолсон сургалттай гэдгээрээ онцлог. Тодруулбал, хичээлийн 50 хувийг танхимд, үлдсэнийг нь ажлын байранд судлах бөгөөд одоогоор манай сургууль 18 аж ахуйн нэгжтэй хамтран оюутнуудаа дадлагажуулж байна. Ингэснээр оюутнууд зөвхөн онолын мэдлэг эзэмшихээс гадна ур чадвараа хөгжүүлж, төгсөөд шууд ажлын байртай болох боломж бүрдэж байгаа юм” гэлээ.

Хөдөө аж ахуйн менежмент, экосистемийн тогтвортой байдлыг хангах зорилготой “STREAM+” төсөл нь Монгол Улсын баримталж буй ногоон, дижитал шилжилтийг дэмжихийн зэрэгцээ хөдөө аж ахуй болон ойн салбарынхны ур чадвар, мэргэжлийн чадамжийг дээшлүүлэхэд чиглэдгээрээ онцлогтой.
У.Сүрэн