Америкийн уулын цанын домогт тамирчин Л.Вонн зодог тайлах шийдвэр гаргахад бэлэн биш байна. 2026 оны өвлийн олимпын үеэр уулнаас буухдаа аймшигтай унаж, таван удаа мэс засал хийлгэсэн бөгөөд арваннэгдүгээр сард дахин хагалгаанд орох юм. Гэсэн ч цасан замдаа дахин уралдах түүний хүсэл бөхөөгүй хэвээр.
Тэрбээр “USA today-д” өгсөн ярилцлагадаа “Хариулт нь олдоогүй асуулт надад олон бий. Болсон бүхнийг одоо л ойлгож, хүлээж авахыг хичээж явна. Эргэн уралдах боломжоо үгүйсгэмээргүй байна. Шийдвэр гаргахаасаа өмнө бүрэн тэнхэрч, ууландаа дахин очих хэрэгтэй гэж бодож байна” хэмээжээ.
Өдгөө 41 настай Л.Вонн амьдралын идэвхтэй хэмнэлдээ хэдийн эргэн оржээ. Дугуй унаж, теннис тоглож буй бичлэгээ цахим орчинд нийтэлсэн ч гэмтсэн хөлөндөө байнга анхаарч, хөдөлгөөнөө тааруулах шаардлагатай гэдгээ хүлээн зөвшөөрсөн аж. “Үнэхээр сайхан байсан. Мэдээж бага зэрэг түгшсэн. Өвдөгний урд чагтан холбоос маань одоо хүртэл нөхөн сэргээгүй болохоор эмч нарын зөвлөгөөг аль болох дагахыг хичээж байна. Идэвхтэй амьдрах хүсэл, эмчийн зөвлөмж хоёрын алтан дунджийг олох хэрэгтэй боллоо” гэж Линдси нэмж хэлсэн аж.
Италид болсон олимпын наадамд тэрбээр гэмтэлтэй очсон. Тэрбээр олимп эхлэхээс хэдхэн хоногийн өмнө зүүн өвдөгний урд чагтан холбоос, мениск буюу жийргэвч мөгөөрсөө урсан ч тэмцээндээ оролцохоор шийджээ. Гэвч түүний уралдаан ердөө 13 орчим секунд үргэлжилсэн. Замын туганд тээглэсэн Л.Вонн тэнцвэрээ алдан унасан бөгөөд хүчтэй өвдөлтийн улмаас хашхирч байсан түүнийг нисдэг тэргээр уулнаас буулгав. Улмаар түүний хөл хүнд гэмтэж, эмч нар хөлийг нь авч үлдэхийн төлөө тэмцсэн юм.
“Магадгүй би дахин хэзээ ч уралдахгүй байж болно. Тэглээ гээд харамсахгүй. Гэхдээ яг одоо ийм шийдвэр гаргахад сэтгэл зүйн хувьд бэлэн биш байна. Зодог тайлах ямар хэцүүг мэднэ. Дахин гараанд гарвал аз жаргалтай байх нь эргэлзээгүй. Ядаж ганц удаа уралдвал сайхан л байна. Юу болохыг харж л байя” гэж тэрбээр ярьжээ.
Одоо түүнийг дахин нэг мэс засал, дараа нь олон сарын нөхөн сэргээх эмчилгээ хүлээж буй. Үүний дараа л Америкийн домогт цаначин дахин гараанд зогсох, эсэх нь тодорхой болох юм.