Түүний зурагнуудаас ялалтын баяр, ялагдлын гуниг мэдрэгдэнэ. Бас тамирчдын энгийн хэрнээ эгэл бус амьдрал “үнэртэнэ”. Олимпийн дэвжээнд ялалтын оноо авчихаад баяраар гэрэлтэх царай, хугас оноогоор хожигдчихоод харуусал бүрхэх нүд ямар их зүйл илтгэдгийг гэрэл зургууд нь өгүүлж байна.
Лондоны олимпийн наадмын халуун цэг дээр ажиллаж, торгон агшнуудыг эх орныхоо нэрийн өмнөөс албан ёсны эрхтэйгээр дурандаа багтаах ховорхон аз завшаан гэрэл зурагчин Ч.Ганбатад олдсон юм.
Тиймээс тэрбээр Лондоноос төрсөн бүтээлүүдээ хав даралгүй монголчууд даа сонирхуулахыг зорьж, “Үл мартагдах агшин” үзэсгэлэнгээ Монголын уран зургийн галерейд дэлгэлээ.
МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга, соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Отгонцагаан “Олимпийн дуулиан намжаагүй
байгаа энэ цаг мөчид бид Лондоны олимпийн торгон агшныг санагдуулсан үзэсгэлэнг тольдохоор цуглараад байна. Монголчууд “Токио-1964”-өөс хойш зуны 12 олимпод оролцохдоо анх удаа ОУОХ-гоор хүлээн зөвшөөрөгдсөн МҮОХ-ны бие даасан гэрэл зургийн албан ёсны сурвалжлагчтайгаар Лондоныг зорьсон. Энэ удаагийн үзэсгэлэн Лондоны олимпод дахин зочилж, Англи орноор ахин аялж, мэлмий оюунаа хөглөх ховор боломжийг олгож байна” хэмээн нээлтийн үеэр онцолсон.
Монголын спортын одод Ганбаа ахын бүтээлүүдийг үзэхээр цугларч, өөрсдийнхөө зургийг үзэгчийн хувиар сонирхож байна. 250 гаруй зургийг хананд байрлуулснаас гадна 1000 гаруй бүтээлийг дижитал хэлбэрээр үзүүлсэн нь орчин үеийн техникийн дэвшлийг харуулсан явдал байв. Дашрамд дурдахад, олимпийн аварга Н.Түвшинбаяр зураг авах хообийтой гэсэн. Тиймээс “Миний авьяасыг хөгжүүлж байгаа багш минь” хэмээн Ганбаа ахыг дотночилж байлаа.
Олимпийн торгон агшныг алдахгүйг хичээн гүйхдээ нойр хоолоо ч умартан, дөрвөн кг жин хасчихсан түүнийг дөнгөж эх орондоо ирмэгц Түвшээ аварга нутагтаа урьж, Булганд хэд хоног хамтдаа амарсан гэнэ. Тэд хамтран “Монгол бөх Гиннест” ном гаргасан. Спортын ховор агшныг харуулсан эл үзэсгэлэн энэ сарын 8 хүртэл үргэлжилнэ.
Б.ӨЛЗИЙТОГТОХ