УИХ-д “Шударга ёс” эвслээс жагсаалтаар сонгогдсон гишүүн Ц.Цолмон МҮАН-аа орхиж, МАХН-д элссэн нь гэнэтийн шийдвэр байв. Хэдийгээр тэрбээр ийм шийдвэрээ эрт гаргасан, намынхандаа ч дуулгасан гэж буй ч “Тойргоос биш жагсаалтаар сонгогдсон учраас тэр гишүүнээсээ түдгэлзэх ёстой” гэсэн байр суурь МҮАН-ынханд давамгайлах болсон байна. Энэ талаар МҮАН-ын дэд дарга Б.Цогтгэрэлээс лавлахад “Хасаж болно, болохгүй гэсэн хуулийн тодорхой зохицуулалт байхгүй” гэсэн бөөрөнхий хариу өгөв.
Өмнө нь жагсаалтаар гишүүн сонгож байгаагүй, тэгээд тэр нь УИХ-д сонгогдчихсон хойноо намаа сольсон түүх үгүй болохоор асуудлыг хэрхэн зохицуулах хууль эрх зүй бүрхэг байгаа юм. Юутай ч Сонгуулийн хуулийн 24.1.2-т “Эвсэлд нэгдэн орох нам тус бүрд ногдох нэр дэвшигчдийн тоог тогтоох” гэж заасан байна. Ц.Цолмонгийн авсан суудал уг заалт ёсоор МҮАН-д ногдсон квот болох нь тодорхой.
Бас үүнтэй холбоотой асуудлыг эвсэл, түүнийг төлөөлөх байгууллага шийдэх эрхгүй хэмээн хуульд заажээ. Гэхдээ нөхөн нэр дэвшүүлэх хоёр л тохиолдол байна.
30 дугаар зүйл. Нөхөн нэр дэвшүүлэх
30.1.Нам, эвслээс нэр дэвшигч нас барсан, эсхүл шүүхээр ял шийтгүүлсэн тохиолдолд тухайн нам, эвсэл нь өөр хүнийг нөхөн нэр дэвшүүлэх шийдвэрээ зохих шатны сонгуулийн хороонд санал авах өдрөөс 20 хоногийн өмнө ирүүлж, энэ хуулийн 29 дүгээр зүйлд заасан журмын дагуу бүртгүүлж болно.
30.2.Нам, эвсэл энэ хуулийн 30.1-д зааснаас бусад тохиолдолд нөхөн нэр дэвшүүлэхийг хориглоно.
С.ТУУЛ