УИХ-ын дарга З.Энхболд НҮБ-ын Суурин зохицуулагч, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч, хатагтай Сезин Синаноглуг өчигдөр хүлээн авч уулзахдаа НҮБХХ-өөс хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүд Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжил, хүний нөөцийн чадавхийг хөгжүүлэхэд их хувь нэмэр оруулж буйг тэмдэглэв. НҮБ-ын Хөгжлийн тусламжийн хүрээний 2012-2016 оны хамтын ажиллагааны шинэ үе шат эхэлсэнд таатай байгаагаа мөн илэрхийллээ.
Хатагтай Сезин Синаноглу НҮБ-ын Хөгжлийн тусламжийн хүрээ-2012-2016 баримт бичгийг УИХ-ын дарга З.Энхболдод гардуулаад, энэ таван жилд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар товч танилцуулав. Түүнчлэн нийгэм, эдийн засгийн хөгжлийн асуудлаар Засгийн газрын гишүүдтэй яриа хэлэлцээ хийж байгаагаа дурдаад, Парламент дахь эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд цаашид анхааран УИХ дахь Эмэгтэйчүүдийн бүлэгтэй хамтран ажиллах болсноо дуулгалаа.