Монгол Улсын төрийн тэргүүн Норвегийн Вант улсад анх удаагаа албан ёсны айлчлал хийж байна. Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойших 44 жилийн түүхэн дэх манай төрийн тэргүүний анхны айлчлалыг хүндэтгэн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, гэргий Х.Болормаа нарыг Норвегийн Вант улсын цог жавхлант хаан Харалд V, цог жавхлант хатан Сонья нар үлээвэр хөгжим тоглуулж, хүндэт харуул жагсаан угтсан юм.
Харалд хаан нь Норвегийн нутаг дэвсгэр дээр 567 жилд төрсөн анхны ханхүү бөгөөд 1991 оноос хойш хаан ширээг залгамжилж буй аж. Умард Европт оршдог тус улс нь газрын тос, байгалийн хийгээр баялаг тул эдийн засгийн гол хөшүүрэг нь ашигт малтмал дээр суурилсан гэдгээрээ манайхтай төстэй. Тиймээс байгалийн баялгийг яаж ард түмэндээ ээлтэй хүртээмжтэй байдлаар хүргэх вэ гэдгийг сүүлийн 20-иод жил үлгэр жишээчээр харуулж буй тэднээс суралцах зүйл бидэнд их.
Үндсэн хуульт хаант засаглалтай энэ орны Ерөнхий сайд Енс Столтенберг болон Норвегийн Стортинг (Парламент)-ийн дэд ерөнхийлөгч Ахтар Шаудри, Гадаад хэргийн сайд Эспен Барт Эйдэ нартай уулзах үеэрээ Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ тал дээр хэрхэн хамтарч ажиллах боломжтойг голлон хөндөж байв. Тухайлбал, байгалийн баялгаа үр ашигтай зөв зарцуулахын тулд төрийн өмчит компаниудыг байгуулж, тэд гээрийг хэр хэн хөл дээр нь босгох, төрийн оролцоо юун дээр нь байх талаар Норвегийн туршлагаас хуваалцсан юм. Энэ нь цаашид страте гийн 15 орд дээрээ төрийн өмчит компани байгуулах тухай ярьж буй манай улсад буруу, зөвийг цэгнэх хэмжүүр болох нь дамжиггүй. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Норвегчүүд газрын тос, байгалийн хийнээс орж ирсэн мөнгийг тусад нь сан байгуулж хуримтлуулаад бусад орны ашигтай ажиллаж байгаа компаниудад хөрөнгө оруулдаг юм байна. Тэгээд түүнийхээ ашгийг л зарцуулдаг болохоос нийгмийн халамжийн бодлогын хүрээнд шууд тараачихдаггүй аж.
Засгийн газар болоод Фондынх нь талын мэргэжилтнүүд Монголд удахгүй очиж, энэ системийг хэрхэн нэвтр үүлж хөгжүүлэх хууль эрхз үйн орчныг судлахаар боллоо. Хоёр дахь чухал асуудал бол Норвеги улс нийт эрчим хүчнийхээ 95 хувийг уснаас буюу сэргээгдэх эрчим хүчнээс гаргаж авдаг, энэ талын маш сайн технологитой орон тул тэдэнтэй хамтарч ажиллах болно” хэмээв. Мөн энэ айлчлалын хүрээнд нааштайгаар яригдсан зүйлүүдийг цаашид Засгийн газраар дамжуулан ажил хэрэг болгохоо ч тэрбээр хэлсэн. Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Норвегийн үйлдвэр худалдааны яам хамтран зохион байгуулсан Монгол-Норвегийн бизнес эрхлэгчдийн форумын нээлтэд Ерөнхийлөгч мөн оролцсон юм.
Норвегийн Үйлдвэр худалдааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Жеанетте Ирен Моэн уг уулзалтыг нээж хэлсэн үгэндээ “Бид өөрсдийгөө их том газар нутагтай гэж боддог байсан ч Монголын өргөн уудам нутгийн дэргэд энэ маань тав дахин бага юм билээ. Тэгэхээр танай цэлмэг хөх тэнгэрийн оронд нарны эрчим хүчийг ашиглан хэрэгцээгээ хангах бүрэн боломжтой гэж бодож байна. Бид адал явдалд дуртай, эрс шийдэмгий өвөг дээдэстэй, байгаль цаг уур, уул уурхайд түшиглэсэн эдийн засагтай гэх мэт адил зүйл олонтой. Хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх болсонд баяртай байна” хэмээв. Манайхаас 60 гаруй бизнесмэн уг арга хэмжээнд оролцсон бөгөөд аялал жуулчлал, сэргээгдэх эрчим хүчний салбар, хүйтэн сэрүүн цаг уурын нөхцөлд дэд бүтцээ хэрхэн хөгжүүлэх гэхчлэн Норвегийн талтай нэлээд хэдэн салбарт бодитой хамтран ажиллах боломжийн талаар хэлэлцэв.
Манай хоёр орны хооронд гадаад худалдаа маш бага байдаг бөгөөд үүнд нөлөөлдөг гол хүчин зүйл нь Монголын визний асуудал, мөн хил, гаалийнхны хүнд суртал гэдгийг норвегчүүд онцолсон. Мөн өдөр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Норвегт төвтэй “Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга” байгууллагын Нарийн бичгийн дарга нарын газрын тэрг үүнтэй уулзаж, Норвегийн олон улсын харилцааны хүрээлэнд илтгэл тавьсны дараа бизнес мэдээллийн өдөр тутмын “Дагенс Нээрингслив” сонинд ярилцлага өгсөн юм. Харин тэргүүн хатагтай Х.Болормаа “Авга ах Томмын байшин” хүүхдийн идэвхтэй амьдралын цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцаж, Норвегийн Хүүхдийг ивээх сангийн Ерөнхий нарийн бичгийн дарга Ванг Товетэй уулзлаа.