Олон мянган хөгжөөн дэмжигчдийн хүсэн хүлээдэг NBA-гийн 2012-2013 оны улирал эхлэхэд цөөхөн хоног үлдээд байгаа. Үүнтэй холбогдуулан энэ оны драфтын эхний таван сонголтыг танилцуулъя.
ЭНТОНИ ДЭВИС, ХҮЧНИЙ ДОВТЛОГЧ. НЭГ ДЭХ СОНГОЛТ
Баг: “Нью Орлеанс Хорнетс”
Коллеж: Кентакки
Өндөр: 208 см
Жин: 100 кг
Төрсөн огноо: 11.04.1993
Давуу тал: Биеийн хөгжил сайтай, блок шот гарамгай тавьдаг, өөрийн байрлалдаа хурдтай, довтолгоо, хамгаалалтад жигд, NBA-д хурдан идээшиж чадах тоглогч.
Сул тал: Бусад багийн том залуустай самбар доорх биеийн хүчний тулаанд дийлдэх магадлалтай.
МАЙКЛ КИДД-ГИЛКРИСТ, ХӨНГӨН ДОВТЛОГЧ. ХОЁР ДАХЬ СОНГОЛТ.
Баг: “Шарлотт Бобкэтс”
Коллеж: Кентакки
Өндөр: 201 см
Жин: 105 кг
Төрсөн огноо: 26.09.1993
Давуу тал: Самбараас бөмбөг авалт сайтай, дундаас чадамгай шиддэг, оролт хийж, цагирган дээрээс сайн довтолдог, бөмбөггүй байсан ч талбай дээр идэвхитэй тоглодог, муугүй хамгаалдаг, хөдөлмөрч. Одоо дөнгөж 19-тэй болохоор өөрийн байрлалд хамгийн ирээдүйтэйд тооцогдож байна.
Сул тал: Шидэхдээ өөртөө зай гаргах тал дээр асуудалтай, туршлага багатай тул зарим үед бөмбөг аваад шууд шиддэг, гурвын шугамны араас буудахдаа маруухан.
БРЭДЛИ БИЛ, ХАМГААЛАГЧ. ГУРАВ ДАХЬ СОНГОЛТ
Баг: “Вашингтон Визардс”
Коллеж: Флорида
Өндөр: 196 см
Жин: 92 кг
Төрсөн огноо: 28.06.1993
Давуу тал: Өсөх ирээдүйтэй авьяаслаг тоглогч. Үсрэлт сайтай, хурдтай, сагсан бөмбөгийн IQ өндөр, өөртөө шидэх зай гаргаж чаддаг.
Сул тал: Дамжуулалт бага өгдөг, бөмбөг алдалт ихтэй, талбайн хажуугаас муу шиддэг.
ДИОН УЭЙТЕРС, ХАМГААЛАГЧ. ДӨРӨВ ДЭХ СОНГОЛТ.
Баг: “Кливленд Кавальерс”
Коллеж: Сиракьюз
Өндөр: 193 см
Жин: 98 кг
Төрсөн огноо: 01.12.1991
Давуу тал: Ирээдүйтэй оноо түүгч, өндөр хувьтай шиддэг, оролт сайн гүйцэтгэдэг, хурдтай, хамгаалалт сайтай, өрсөлдөгчийнхөө тоглолтыг уншиж чаддаг.
Сул тал: Торгууль муу шиддэг, том биетэй хамгаалагчдад дээрэлхүүлэх магадлалтай.
ТОМАС РОБИНСОН, ХҮЧНИЙ ДОВТЛОГЧ. ТАВ ДАХЬ СОНГОЛТ.
Баг: “Сакраменто Кингз”
Коллеж: Канзас
Өндөр: 208 см
Жин: 108 кг
Төрсөн огноо: 17.03.1991
Давуу тал: Тэсрэлттэй тоглогч, хөдөлмөрч, хурдтай, самбараас бөмбөг авалт сайн, үсрэлттэй шидэхдээ гарамгай, лигийн шилдэг хамгаалагчдын нэг болж чадна.
Сул тал: Бөмбөг алдалт ихтэй, тоглолтын хэв маяг хязгаарлагдмал.
Б.ЦОГТ-ОЧИР