УИХ-ын чуулганы өчигдрийн хуралднаар Үндэсний аудитын газрын дарга Ч.Раднааг хүсэлтийнх нь дагуу ажлаас
чөлөөлж, А.Зангадыг түүний оронд томилох асуудлыг хэлэлцэв. СЕХ-ны дарга асан Н.Лувсанжав, ҮАГ-ын дарга Ч.Раднаа нар чөлөөлөгдөх өргөдлөө нэг өдөр өгсөн юм. Ч.Раднаа ажлаа өгөх болсныг МАН-ынхан “АН-ын дарамтаас болсон” хэмээн харддагаараа хардав.
УИХ-ын дарга тэдэнд “Ч.Раднаа гуай 62 хүрч, тэтгэврийн нас нь болсон учраас гавьяаны амралтад гарах хүсэлт гаргасан юм” гэсэн тайлбар хийлээ. Эхлээд чөлөөлөх асуудлыг хэлэлцсэн. Ч.Раднаа гуай өөрөө ирсэнгүй.
С.Дэмбэрэл гишүүн “Төрийн хариуцлагатай албанд ажиллаж байсан хүмүүсийг чөлөөлөхдөө өөрийг нь байлгах хэрэгтэй. Өнгөрсөн хугацаанд ямар ажил хийсэн, хэрхэн ажилласнаа дүгнэг. Бас түүнд баярлаж, талархсанаа илэрхийлээд чөлөөлдөг байх хэрэгтэй. Энэ бол харилцааны наад захын соёл” гэсэн. 66.7 хувийн саналаар Ч.Раднааг албан тушаалаас нь чөлөөлсөн. Үүний дараа нэр дэвшигчийг танилцуулав. Аюурын Зангад Украинд эдийн засагч мэргэжлээр төгссөн, 1982 оноос Төлөвлөгөө, эдийн засгийн улсын хороо, УБХ, УИХ, НХХЯ зэрэг газарт хариуцлагатай алба хашсан, туршлагатай хүн гэж УИХ-ын дарга үзсэнийг Байнгын хороо дэмжжээ.
Ц.Нямдорж: -Танилцуулгаас нь харахад Зангад Өвөрхангайнх юм байна. УИХ-ын дарга бас Өвөрхангайнх. Тэгэхээр Ашиг сонирхлын зөрчлийн тухай хуулиар бол нэг нутгийн хүнээ албан тушаалд нэр дэвшүүлэхийг зөрчил гэж үзнэ. Та үүнийгээ мэдээд дэд дарга С.Баярцогтын гарын үсгийг зуруулаад ороод ирэхгүй дээ.
З.Энхболд: -Хуулийн заалтыг янз бүрээр тайлбарлаж болно. З.Энхболд Өвөрхангайнх юм чинь Өвөрхангайн хүнийг нэр дэвшүүлж болохгүй гэж шууд тайлбарлаж болохгүй. Үүнийг би сонирхлын зөрчил гэж бодохгүй байна. Хуулиар УИХ-ын дэд дарга биш, дарга нэр дэвшүүлэх заалттай. Тэгээд ч Зангад Улаанбаатарт төрсөн. Удахгүй Ерөнхийлөгчийн сонгууль болно, түүний Тамгын газарт аудит хийх үү, хариуцлагын тогтолцоог сайжруулж, өөрчлөлтийг юунаас эхлэх вэ гэх мэт асуултад нэр дэвшигч “Хуулийн хүрээнд ажиллана” гэсэн товчхон хариу өгөв. Ц.Нямдоржийн үгийг С.Эрдэнэ өлгөж аваад “Аудиторын газар Булганы Засаг даргын Тамгын газар шиг болчихсон. Тиймээс өөрчлөөрэй. Нямдорж сонирхлын зөрчил яриад байна шүү, түүний захиалгаар үүнийг хийгээрэй. Чиг үүрэг, хяналтын тал дээр чанарын ахиц гаргах хэрэгтэй.
Ажлыг гурилддаг хүмүүсийг солих ёстой. Нямдорж бол ХЗДХ-ыг Увсынх болгочихсон хүн дээ” гэлээ. Төсвийн байгууллагын урсгал зардлыг уг байгууллага голдуу хянаж ирсэн, одоо төсвийн хөрөнгө оруулалтад анхаарлаа хандуулахгүй бол гол хийдэл энд гараад байна шүү хэмээн Д.Эрдэнэбат гишүүн сануулав. Санал хэлэх болоход Ц.Нямдорж “Эрдэнэ чамайг Нийгмийн даатгалын газрын дарга байхад аудит хийхэд 246 орон тоо хэтрүүлж, түүндээ дандаа АН-ынхныг авсан, 150 сая төгрөгийн зөрчил гаргасан гэх мэт дүгнэлт гарч байсан шүү. Ордонд төөрчих гээд байдаг хүмүүсийг дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга болгож байгаа.
Би Хууль зүй, дотоод хэргийн сайд байхдаа харин ч Увсын хүмүүсийг ажилд аваагүй. Яаманд ийм гаралтай 2-3 хүн байсан байж магад” гэлээ. “Төрийн албаныхан яагаад чөлөөлөгдөх хүсэлт өгч, зугтаад байна. Гадуур шинэчлэл нэрээр дарамтлах явдал гараад буйг ярьж байна. Үүндээ олонх анхаараарай” хэмээн Д.Дэмбэрэл хэлсэн. Ингээд Ерөнхий аудитороор А.Зангадыг гишүүдийн 83 хувийн саналаар томиллоо.
С.УУЛ