Спортын түүхэнд санаанд оромгүй сонирхолтой тохиолдол олон бий. Эдгээрээс заримыг нь уншигчдадаа сонирхуулья.
-Бадминтон цохиуртай спортоос хамгийн хурдтай нь. Сайн тамирчдын цохисон бөмбөг 270 км/цаг хурдтай нисдэг аж.
-Дөнгөж 1900 онд л боксыг спортын төрөл болохыг хүлээн зөвшөөрчээ. Энэ үеийг хүртэл боксыг хэтэрхий харгис гэж үздэг байв.
-Хоккейн шайб эхэндээ дөрвөлжин хэлбэртэй байжээ. Орчин үед хоккейн шайбыг тусгай резинээр хийдэг болсон бөгөөд 200 гр жинтэй. Тоглолтын өмнө шайбыг нахилзуулахгүйн тулд хөлдөөдөг аж.
-“Adidas” компанийг үүсгэн байгуулагч Дасслерийн гэр бүлийн хамгийн анхны бүтээгдэхүүн нь гэрийн шаахай байв.
-Ватиканы хөлбөмбөгийн лигт “Шуудан”, “Банк”, “Номын сан”, “Улсын музей” гэсэн нэртэй багууд тоглодог.
-Олон улсын волейболын холбооны дүрмэнд тэмцээн явагдах заалны температур 25 градусаас ихгүй, 16 градусаас багагүй байх ёстой гэж заасан байдаг аж.
-Хүмүүс МЭӨ 3200 оноос боулинг тоглож эхэлсэн гэж түүхчид үздэг.
-Снукер бильярдын ширээ ногоон өнгөтэй, бөмбөгүүд нь өнгө өнгийн болсон нь BBC телевизтэй холбоотой. Тус телевиз бильярдын тэмцээнийг нэвтрүүлэхдээ ширээ ийм өнгөтэй байвал үзэгчдэд ойр тусна гэсэн санал гаргасан нь биеллээ олсон юм.
-1912 оны Стокгольмын олимпийн марафон гүйлтийн тэмцээн. Японы гүйгч Сицо Канагүри 30 дахь кмын орчим ам нь маш их цангахыг мэдэрчээ. Ингээд хамгийн ойрын айл руу гүйн орж, ус өгөхийг гуйсан байна. Гэрийн эзэн тариачин залуу галын өрөөнд орж, ус аваад ирэхэд үл таних зочин бөх гэгч нь унтаж байв. Ийнхүү замаа дуусгаж чадаагүй Канагүри 1967 онд 76 настайдаа үлдсэн зайгаа гүйцээжээ. Ингэснээр тэр 42 км зайг 54 жил, 8 сар, 6 өдөр, 8 цаг, 32 минут, 20.3 секундэд туулсан хэмээн тэмдэглэгдсэн юм.
-Сонгомол бөхөд тэнцээ гэж байдаггүй бөгөөд хэн нэг нь заавал ялах ёстой. -Хөлбөмбөгч хүн нэг тоглолтод дунджаар 11 км гүйдэг гэсэн судалгаа байдаг. Харин бүхэл карьерийнхаа турш 300 мянган км гүйдэг аж.
-“Формула 1-”д 13 дугаартай нисэгч байдаггүй. 12, ...14, 15... гээд цааш явдаг байна. Энэ нь 13-г чөтгөрийн тоо гэж үздэгтэй холбоотой. Амь нас нь дээсэн дөрөөн байдаг нисэгчид энэ зэргийн мухар сүсэгтэй байх нь зүйн хэрэг юм. Их хурдын түүхэнд ердөө таван хүн л тус дугаарыг сонгож байжээ.
-1904 онд Сент-Луис хотноо болсон III олимпийн марафон гүйлтийн тэмцээнд Америкийн тамирчин Фред Лорц 14 км яваад замын машинд суучихжээ. Улмаар машинаар ихэнх зайгаа туулсны эцэст барианаас хоёр км-ын өмнө буун гүйсэн байна. Лорц мэдээж түрүүлсэн бөгөөд түүний луйвар хийснийг алтан медаль гардуулсны дараа л мэдсэн гэдэг.
Б.ЭНХЖИН