Гэр хорооллынхныг орон сууцанд оруулахаар өмнөх Засгийн газрын эхлүүлсэн ажил Шинэчлэлийн Засгийн газарт хэрхэн үргэлжлэх нь сонирхол татаж байна. Бар жилийн сүүлчийн үдэш өмнөх Гүйцэтгэх засаглалынхан гэр хорооллын иргэдийн битүүний буузыг хачирласан “амттай” мэдээ дуулгасан нь “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийг баталсан явдал байлаа. Хотын соёлт иргэн атал нүүдэлчин амьдралын хэв маягаасаа салж чадахгүй гал хөц, утаа тортогтойгоо зууралдан байгаа залуусын сэтгэлд байртай болох итгэл үнэмшил битүүний тэр үдшээс төрсөн гэж болно. Өнгөрсөн хоёрдугаар сард уг хөтөлбөр батлагдсанаас хойш иргэд шамдуухан хөөцөлдөж бичиг цаасаа бүрдүүлэн, материалаа өгөх гэж багагүй дараалал үүсгэж байв. Төрийн банкинд өдгөө орон сууцны зээл хүссэн 4000 орчим хүний өргөдөл ирснээс 850-ыг нь шийджээ.
Орон сууцжуулах ажлыг санхүүжүүлэхэд зориулж өнгөрсөн зургаадугаар сард Хөгжлийн банкнаас шилжүүлсэн 30 тэрбум төгрөгийн хөрөнгийн эх үүсвэрийг зориулалтын дагуу зарцуулаад дууслаа. Харин өнгөрсөн мягмар гаригт Хөгжлийн банкнаас энэ ажилд зориулж 10 тэрбум төгрөг шилжүүлжээ. Удахгүй дахин 10 тэрбумыг шилжүүлнэ. Үүгээр Засгийн газар, Хөгжлийн банк, Төрийн банкны гурвалсан гэрээнд тусгасны дагуу ”100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн санхүүжилт гүйцэж байгаа юм. “Сүүлийн санхүүжилт болох 20 тэрбум төгрөгөөр 600- 700 хүний зээлийг шийднэ. Ингээд гурвалсан гэрээнд тусгасан 50 тэрбум төгрөгийн санхүүжилтээр дунджаар 1500 хүний асуудлыг шийднэ” гэж Төрийн банкны гүйцэтгэх захирал Ж.Отгонбилэг ярилаа. Хатуухан сонсогдох ч бодит үнэн энэ. Өргөдлөө өгөөд хүлээж буй иргэдийн талаас илүү нь энэ удаа зээлд хамрагдаж чадахааргүй болов. Орон сууц хүссэн иргэдийн материалыг Орон сууц санхүүжилтийн корпорац хүлээн авч, шаардлага хангасныг нь Төрийн банк руу илгээж байсан. Өнгөрсөн долоо хоногт Төрийн банк иргэдийн материалыг нэмж хүлээн авахгүй болсноо тус корпорацид албан ёсоор мэдэгдсэн нь ийм учиртай.
Нэгэнт санхүүжилт хүрэлцэхгүйгээс хойш хүмүүст итгэл төрүүлж хүлээлт үүсгэхгүй нь дээр гэж банкныхан үзжээ. Гэсэн ч бага хүүтэй зээлээр байртай болохыг хүсэж материалаа бүрдүүлсэн иргэд цувсаар байна. Орон сууц санхүүжилтийн корпорац материал дамжуулах л үүрэгтэй байгууллага. Зургаан хувийн хүүтэй, урт хугацаатай орон сууцны зээл олгох эцсийн шийдвэрийг банк гаргана. Тодорхой хэлбэл, Төрийн банк. Төрийн банкны захирал бодит байдлыг эргэлзэж тээнэгэлзэлгүй эрсхэн хэллээ. Бага, дунд орлоготой иргэдэд зориулсан онцгой боломжийг алдахгүйг хичээсэн 4000 иргэний талаас илүү нь асуудлаа шийдүүлж чадахгүй нь ойлгомжтой болов. Гэхдээ шинэ Засгийн газар гэр хорооллыг орон сууцжуулах ажлыг дэмжиж байгаа учир бага, дунд орлоготой иргэдэд тохирсон бодлого хэрэгжүүлэх бололтой. Найдвар тасрах болоогүй гэсэн үг. Ерөнхий сайдын удирдлага дор ойрмогхон Орон сууцжуулах үндэсний хороо байгуулагджээ. Энэ хороог мэдээллээр хангах зорилгоор Ба рилга, хот байгуулалтын сайдын харьяанд Ажлын хэсэг байгуулж, цаашид иргэдийг бага хүүтэй зээлээр хэрхэн орон сууцжуулах вэ гэсэн асуултын хариуг олохоор ажилдаа орсон байна.
Мухардалд орсон “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийг хэлбэр дүрсийг нь өөрчлөн үргэлжлүүлэх ямар оновчтой гаргалгаа байгааг судалж, даруйхан шийд өгөхийг Гүйцэтгэх засаглалын тэргүүн Ажлын хэсгийнхэнд үүрэгджээ. Тиймээс бага, дунд орлоготой олон мянган иргэний итгэл найдварыг тээсэн орон сууцжуулах хөтөлбөрийн талаар базаахгүй мэдээг иргэдэд дуулгахыг яарахгүй байгаа бололтой. Харин нийгмийн захиалга болсон энэ бодлогыг илүү оновчтой ямар арга хэлбэрээр үргэлжлүүлэх вэ гэдэгт л толгойгоо гашилгаж байгаа хэмээн таамаглах нь зохилтой. Төрийн банкинд орон сууцжуулахад зарцуулах 20 тэрбум төгрөгийн санхүүжилт үлдсэн. Энэ мөнгө аманд ч үгүй, хамарт үгүй дуусна. “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрт хамрагдаж, хашаа байшингаа тохилог орон сууцаар солих хүсэлтэй олон зуун иргэн, айл өрх бий. Гэтэл санхүүжилт хүрэлцээгүй учир хөнжлийнхөө хэрээр хөлөө жийхээс аргагүй болжээ.
Орон сууцжуулах зээлийн шалгуур хангасан хүмүүс материалаа банкинд өгчихсөн, барилгын компаниуд банкнаас төлбөр нь орно гээд гэрээгээ хийчихсэн байгаа. Энэ гинжин хэлхээ ямар үр дүнд хүрэхийг хэлэхэд эрт байна. Материалаа банкинд өгсөн хүн бүр зээл авна хэмээн итгэж дуулгавартай хүлээгээд байдаг. 3000 гаруй хүн ийм хүлээлттэй байгаа ч зээлийн санхүүжилт 700-хан хүнд хүрэлцэнэ. Үлдсэн хүмүүс нь яах вэ? Банкныхан хүмүүсийн өргөдөл өгсөн дарааллаар материалыг нь судалж, шалгуурт нийцсэн бол зээлээ олгоно гэж үнэнч царайлна. Харин зээл хүссэн иргэд банкныханд тал тохой татахын тулд уралдаж, урцалдах юм байна гэсэн төсөөлөл л эндээс харагдах ажээ.
Баянзүрх дүүргийн иргэн М.Болор “Манайх өнгөрсөн наймдугаар сард Төрийн банкинд материалаа бүрдүүлж өгсөн. Орон сууцны үнийн урьдчилгаа 10 хувийн төлбөрөө төлсөн. Барилгын компанитай хийсэн гэрээний хугацаа ирэх арваннэгдүгээр сард дуусах юм. Тэр үед компани мөнгөө нэхнэ. Төрийн банкнаас орон сууцны маань төлбөр шилжих ёстой юм. Гэрээний хугацаа дуусах дөхөөд санаа зовж л байна. Зээл хэзээ шийдэгдэхийг банкнаас лавлахад дарааллын дагуу л шийднэ. Одоо 800 дахь хүн дээр явна. Танайх 2600-д байгаа учир хүлээх хэрэгтэй” гэсэн хариу өгсөн гэж ярилаа. Үнэндээ М.Болор зээлд хамрагдах нь эргэлзээтэй болжээ.
“100 мянган айлын орон сууц” хөтөлбөрт хамрагдагсдад зориулж 55 ам.метрээс бага талбайтай орон сууц барьж буй компаниудын нэг нь “Заг”. Тус компанийн захирал Б.Нэмэхбаатар “Манай барилгад захиалга өгсөн 50 хүн энэ хөтөлбөрт хамрагдсан. Тэд өнгөрсөн дөрвөөс тавдугаар сард материалаа бүрдүүлж өгсөн ч өнөө хэр нь нэг ч хүний асуудал шийдэгдээгүй. Төрийн банк зээлээ гаргахгүй байна” гэж ярилаа.
“Бид хүмүүсийн материалыг судлаад зээл олгож байна. Хүмүүс энэ зээлийг гэр хорооллынхонд шууд л өгчихнө гэж ойлгоод байх шиг. Гэтэл цалин, орлого нь шаардлагад хүрэхгүй, муу зээлийн түүхтэй хүмүүсийн материал буцдаг. Зээл олгох боломжгүй гээд 200 гаруй хүний материалыг буцаасан. Банк эрсдэлээ дааж байгаа учир зарчмын дагуу шалгуураа тавина. Энэ бол бэлэглэж байгаа мөнгө огт биш. Тодорхой нөхцөлтэйгээр зээлүүлж байгааг иргэд маш сайн ойлгох хэрэгтэй” хэмээн тайлбарлав. Тэгвэл зээлд хамрагдаж, байрандаа орох өдрийг хоног тоолон хүлээх гэр бүл ч олон бий. Улаанбаатарын утааг багасгах, гэр хорооллынхныг хотын хүний жишгээр соёлтой орчинд амьдрах боломжоор хангах нөгөө талаас бүтээн босголт, барилгын компаниудыг дэмжих гээд “100 мянган айлын орон сууц” хөтөлбөр бүх талын хаялгатай цаг үеэ олсон санаачилга. Нэгэнт эхлүүлсэн энэ ажлыг дараагийн Засгийн газар залгамжлан авч явах нь өнөөгийн нийгмийн захиалга боллоо. Магадгүй Шинэчлэлийн Засгийн газрын амжуулах аж лын жагсаалтын дээгүүрт бичиг дэх томоохон ажил байх учиртай. Тиймээс байртай болох мөрөөдлийг санхүүгийн хомсдолоор боомилдоггүй, алсын хараатай, удаан үргэлжлэх ухаалаг хувилбар гаргаж ирэхийг Шинэчлэлийн Засгийн газраас хүлээх л үлдлээ.