









Сонгуулийн ерөнхий хорооноос УИХ-ын сонгуулийн 10 дугаар тойрогт Ардчилсан намаас нэр дэвшсэн Г.Батхүү, Д.Зоригт нарыг ялсан хэмээн хууль бус шийдвэр гаргасан нь сөрөг хүчин болох МАНынхны эсэргүүцэлтэй тулгараад байна. УИХ дахь Ардчилсан намын бүлгийнхэн нэр бүхий гишүүдээ тангараг өргүүлэхийг яарч байгаа ч сөрөг хүчнийхэн Парламентын танхимын хаалгыг дарж суучихаад чуулганыг хуралдуулахгүй байгаа. Төрийн ордноос эхэлсэн энэ тэмцэл өчигдөр ард түмний дэмжлэг авч Сүхбаатарын талбайд үргэлжиллээ.
Урьд өмнөх жагсаал цуглаануудыг дагуу лахааргүй олон мянган иргэн Жанжны талбайд цугларчээ. “Ардчиллаа аваръя” нэртэй ард түмний тайван жагсаал цуглаанд МАН-ын дарга Ө.Энхтүвшин, Ерөнхий сайд асан С.Батболд, Н.Энхболд, Г.Занданшатар, Ц.Мөнх-Оргил, Ж.Сүхбаатар нарын лидерүүд, намын залуу гишүүд удирдан оролцов. Цагтаа тэд Төрийн ордонд, харин өнөөгийн эрх баригчид ордны гадна чанга яригч барин, уухай хашгиран тэмцэж байсан учир сонирхолтой дүр зураг харагдана.
УИХын сонгуулийн аравдугаар тойрогт МАН-аас нэр дэвшсэн С.Чинзориг, Н.Төмөрхүү нар 6600 хүний саналаар илт давуу ялалт байгуулсан. Гэтэл эрх баригчид давуу эрхээрээ далайлган өөрийн нэр дэвшигчдийг УИХ-д суулгахаар улайрч байна. Тэд УИХ-д олонхийг бүрдүүлэхийн тулд маргаантай тойрогт өөрийн нэр дэвшигчдийг гаргах, улмаар УИХ дахь бусад намын гишүүдийг Байнгын хорооны дарга болон албан тушаал амлах замаар өөрийн эгнээнд нэгтгэх далд хүсэлтэй ч энэ сонирхол нь хэдийнэ ил болсныг МАН-ын гишүүд ард түмэнд учирлаж байсан.
Төрийн эрхийг хууль бусаар авах гэсэн бусармаг үйл ажиллагааг эсэргүүцэж, Ардчиллын үнэт зүйлийг үгүй хийхгүйн төлөө тэмцэж байна хэмээн тэд жагсах болсон шалтгаанаа тайлбарлав. Цуглаанд АН-ын шударга бус энэ үйлдлийг тэвчихийг хүсээгүй иргэд газар газраас иржээ. Тэр дундаа Өвөрхангай аймгаас 700 гаруй иргэн ирсэн гэнэ. Тус аймгийн иргэн, сонгогч Нямсүрэн, “АН-ынхан өвөрхангайчууд бидний сонголтыг үл тоож, доромжилж, дээрэлхэж байгааг хараад байж сууж тэвчихгүй Улаанбаатарт ирлээ. Энэ янзаараа орон нутгийн сонгууль шударга болно гэдэгт итгэхгүй байна. Орон нутагт төрийн албан хаагчид хэзээ халагдах бол гэсэн айдастай ажиллаж байна.Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хамгийн дээд сонголт бол ард түмний сонголт гэж хэлсэн. Өвөрхангайчууд бид УИХын сонгуулийн маргааныг шийдэхэд дэмжлэг үзүүлэхийг хүссэн захидлыг Ерөнхийлөгчид илгээсэн ч хариу өгөөгүй. Бид шударга Ерөнхийлөгчийнхөө үгийг сонсохгүй байна. Бид архи биш сүүг сонгосон. Ард түмний сүүн сонголтыг дэмжинэ гэдэгт итгэж байна. Архийг Монголоос, архинд живүүлэгчдийг Төрийн ордноос зайлуулъя” гэж хэлснийг ард түмэн уухайлан дэмжлээ.
МАН-ын дарга Ө.Энхтүвшин, Монголд Ардчилал байхгүй болж байна. Олонхийг бүрдүүлсэн энэ хүчин цөөнхийг дарангуйлж байна. Шүүх, прокурор, цагдаа, СЕХ, Үндсэн хуулийн цэцийг хяналтдаа авлаа. Ард түмний сонголтыг уландаа гишгэлээ. Үүний хамгийн сүүлийн жишээ нь С.Чинзориг, Н.Төмөрхүү нарын ялалтыг үгүйсгэж, өөрийн нэр дэвшигчдийг тангараг өргүүлэх гэлээ. Тэд мөнгөтэй хүнд үйлчилдэг тогтолцоог бий болгох гэж байна. Энэ асуудлыг шийдье, ярилцъя гэхэд хүлээж авахгүй байна. Бид шүүх, Үндсэн хуулийн цэц, СЕХ-нд хандлаа. Хүлээж авахгүй байна. Одоо ард түмэн та бүхэндээ хандаж байна. Хууль бус энэ ажиллагааг зогсоохын тулд тууштай тэмцье гэж ард түмнийг уриалав. Түүний үгийг ард түмэн “Зөв, зөв” хэмээн дэмжиж, чанга дуугаар уухайлцгаав.
Мөн энэ үеэр жагсаал цуглаанд оролцохоор ирсэн Өвөрхангайн сонгогчдын машиныг цагдаа нар саатуулан журамлаж байна гэсэн мэдээлэл авснаа МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн Ж.Мөнхбат дуулгаад, энэ бол Х.Тэмүүжин сайдын хийж буй ажил хэмээв. Тэд ард түмний сонголтыг үл тоосон, ард түмнээ сонсдоггүй УИХ-ын даргаар хууль зөрчин томилогдсон З.Энхболд, хууль бус шийдвэр гаргасан СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн нарыг огцрохыг шаардан, Төрийн ордны баруун хаалган дээр ирцгээлээ. Ингэхдээ хэдий олон хүн цугларсан ч тайван жагсаал цуглаан гэдгийг сэтгэл нь хөдөлсөн ард түмэнд сануулна. Хүний эрх чөлөө, эрүүл мэнд, эд хөрөнгөд халдаж болохгүй. Тийм зүйлийг бид хүсээгүй хэмээн анхаарууллаа. МАНын жагсагчид УИХ-ын даргыг суудлаасаа огцорч, Ерөнхий сайдад хариуцлага тооцон, СЕХ-ны даргыг албан тушаалаа өгөхийг шаарджээ. Шаардлагын хариуг хүлээн 15 минут боллоо. Намар оройн өдөр сэрүүн байсан учир өглөөнөөс хойш жагссан иргэд жиндэж эхэлсэн нь мэдээж. Тиймээс хариуг шалавхан өгөхийг хүсэж, нэгэн дуугаар хашгирцгаана. МАН-ын гишүүдээр толгойлуулсан жагсагчид дуу хоолойгоо Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын чихэнд хүргэе хэмээн тэдний албан өрөөний цонхон талд очихоор Төрийн ордныг гороолон зүүн талд нь ирэв. Удалгүй Ерөнхий сайд Н.Алтанхуяг жагсагчдын төлөөлөл болсон МАН-ын УИХ дахь бүлгийн гишүүдийг хүлээж авсан гэх мэдээ дуулдлаа. Тэд шаардлагынхаа хариуг энэ сарын 26-ны дотор өгөхгүй бол тэмцлийн дараагийн хэлбэрт шилжихээ мэдэгдсэн тухай дуулгаснаар жагсагчид тарцгаав.