УИХ-ын чуулганы танхимын хаалгыг том хар буйдангаар тагласан учраас хуралдаан хоёр өдрөөр тасалдав. МАН-ын гишүүн Я.Содбаатар, С.Бямбацогт, Н.Ном тойбаяр, Су.Батболд, Ж.Энхбаяр нар өчигдөр “манаанд” гарчээ. Тэд “Бид УИХ-ын дарга З.Энхболдоос хэлэлцэх дарааллаа өөрчилж, Өвөрхангайн асуудлаар шүүхийн эцсийн шийдвэр гартал хүлээгээч л гэж хүссэн” гэж байлаа. Тэднийг ИЗНН, “Шударга ёс” эвсэл болон АН-ын зарим гишүүн ээлж ээлжээр “эргэж” байлаа. Эхлээд С.Дэмбэрэл гишүүн ирж уулзахад “Ардчилал нэртэй дарангуйлал тогтох нь. Хүн амын 40 хувийн санал авсан нам одоо хүртэл УИХ-д бүлэггүй байна” гэх мэтээр асуудлаа ярив.
Тэдэн дээр байн байн зочилж буй О.Баасанхүү ч удалгүй ээлжит “айлчлалаа” хийсэн юм. Тэрбээр “Бид ажлаа хиймээр байна. Цаана нь ард түмний, амьдралын талаар ярилцах хэрэг бий. Та нар тангараг өргөсөн гишүүд. Ингэж сууж байгаа чинь төрийн эрхийг хууль бусаар авах гэсэн хэрэг. Ж.Энхбаяр гишүүн та Батлан хамгаалахын сайд байхдаа цэргийн алба хаасан хүнийг хаагаагүй гэж хэлээд хэлмэгдүүлж явсан. Одоо энэ бүхнийхээ горыг амсаж байгаа юм” гэж хэлээд “хөөгдөв”. Тэрбээр “МАН-нхан орон нутгийн сонгуулийн сурталчилгааг Төрийн ордонд хийж байна” гэж хэлж байсан юм. Араас нь АН-ын М.Зоригт ирлээ. Гишүүд үзэл бодлоо илэрхийлж, эрхийнхээ төлөө тэмцэхийг тэрбээр дэмжих ч байрлал нь буруу байгааг хэлэв. Сүхбаатарын талбай дээр энэ тэмцлээ үргэлжлүүлэхийг уриалчихаад тэр явсан. Удаах “зочин” нь Г.Уянга байлаа. Тэрбээр МАН-ын гишүүдийн энэ үйлдлийг хуулиараа цуглаан гэж үзэх юм байна. Цуглааныг төрийн хамгаалалттай газар хийхийг хориглодог. Энэ асуудлаар Төрийн ордны хамгаалалтын албаны даргатай уулзлаа. Хэнийг нь ч зөвшөөрөлгүй цуглаан хийлээ гэж баривчилдаг, хорьдог, хэнийг нь чаддаггүй юм бэ. Хуулийг гууль болгосон хүмүүс өнөөдөр ингэж яриад суух нь харамсалтай, инээдтэй байна” гэх мэтээр МАНын гишүүдийн элдэв явуулсан яриа, инээдэм дунд ярив. Д.Ганхуяг сайд ч бас мэнд мэдээд явж харагдсан. МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба намынхан нь энэ асуудлыг хэлэлцээд Бүлэг нь байр сууриа илэрхийлэх зөв гэж үзсэнийг дуулгасан.
Энэ хооронд тэд чуулганы хаалган дээр жижиг самбар өлгөж, “УИХын “дарга” З.Энхболд хууль бус үйлдлээ зогсоо” хэмээн бичив. Дарга гэдэг үгийг Н.Номтойбаяр гишүүн зориуд хашилтад бичнэ лээ. Удалгүй Н.Энхболд гишүүний өрөөнөөс том самбар авчрав. Дээр нь “Энэ хаалга нээгдэх түлхүүр нь олонхийн хууль зөрчсөн түрэмгийлэл биш, парламентын зөвшилцөл” Д.Дэмбэрэл, “Ард түмний сонголт бол хаан сонголт. Ц.Элбэгдорж” гэж бичээд зөвшилцлийн ардчилал хаачив хэмээн асуужээ. Дээрх эрхмүүдийн үгийг иш татсан гэсэн үг.
МАН-ын гишүүн Н.Энхболд, С.Бямбацогт, Я.Содбаатар нар Сүхбаатарын талбайд жаг сагчдаас ирүүлсэн шаардлагыг УИХ-ын дарга З.Энхболдод өгөхөөр явсан ч өмнө нь өрөө рүүгээ дайруулсан тэрбээр хаалгаа түгжсэн байв. Тиймээс Ерөнхий сайдын өрөө рүү очсон. Түүний хаалга ч цоожтой байлаа. УИХ-ын дарга, Ерөнхий сайдтай уулзахдаа урьдчилан цаг авах, мэдэгдэх зэргийг бол тэд тоохоо больжээ. Хоосон хаалга мөргөсөн тул шаардлагаа сэтгүүлчдэд уншив. Хууль зөрчиж сонгогдсон УИХын дарга З.Энхболд, хуулиа мөрдөөгүй СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн нарыг огцрохыг “Ардчиллаа эргүүлж авах ард түмний жагсаал”-аас шаардаж байгаа аж. Уншаад дуустал Ерөнхий сайдын өрөөний хаалга онгойж, МАНынхан, хэвлэлийнхэн бүгд орлоо.
Ерөнхий сайд тэдний шаардлагыг хүлээж аваад “Шүүхийн шийдвэрт нам, УИХ нөлөөлөх боломжгүй. Увс аймагт нэр дэвшсэн танай хүмүүс мөнгө тараасан нь тодорхой байхад л СЕХ нэрийг нь өргөн мэдүүлсэн. Тэр үед та нар “Одоо юу ярьдаг юм” гэж байсан шүү дээ. Бид ч тэгсгээд орхисон. Одоо Өвөрхангайн асуудлаар шүүх шийдвэр гаргаад СЕХ дүнг өргөн мэдүүлснийг л УИХ хэлэлцэх гэж байна. Тэгээд ч энд маргаад яах вэ, чуулганы танхимдаа хэлэлцье” гэв. МАН-ын гишүүд “Та шаардлагыг дамжуулах хэрэгтэй” гэсэн учраас Ерөнхий сайд “Энд хэвлэлийнхэн байна, би уншаад өгчихье. Та нар явж болно” гэснээр гишүүд гарсан. Хүн хэлээрээ, мал хөлөөрөө гэдэг учир ярих ёстой газраа сууж байгаад хэлэлцэх хэрэгтэй, товчлуур дарж шийдэх хэрэгтэй. Тэгэхгүйгээр УИХ-ын даргын ч, миний ч өрөө рүү дайрч орох нь харин түрэмгийлэл болж байна гэсэн юм. Бас “Бид олон шинэчлэл хийж, энэ нь тодорхой хүмүүст таалагдахгүй, цочирдуулж байгаа. Саад бэрхшээл байгаа ч бид өөрчлөлтөө тэвчээртэй үргэлжлүүлнэ” гэлээ. МАН-ынхан суултаа ажлын цаг дуустал үргэлжлүүлсэн юм.