УИХ дахь МАН-ын гишүүд чуулганы танхимын үүдийг хаан суулт хийж буй. Баасан гаригт хоёр дахь өдрөө суулт хийж байх үед нь "Шударга ёс” эвслийн гишүүн Г.Уянга хэвлэлийнхэнд энэ асуудлаар байр сууриа илэрхийлсэн юм.
-МАН-ын гишүүдийн хийж буй үйлдлийг та хууль зүйн талаас судалж үзсэн гэлээ. Энэ суулт уу, цуглаан уу?
-Хууль судалж үзэхэд МАН-ын гишүүдийн хийж буй үйлдэл цуглаан гэсэн ойлголтод орж байна. Цуглааныг хийж болох, болохгүй газар гэж бий. Биднийг өмнө нь жагсаал хийхэд Төрийн ордон руу тодорхой зайнаас нааш ойртохыг хориглодог байсан. Хуулиар цуглааныг Төрийн тусгай хамгаалалт бүхий газар явуулахыг хориглодог. Тиймээс УИХ-ын чуулганы танхимын үүдэнд ингэж суух нь хориотой гэсэн үг.
Жагсаал, цуглаан хийх тухай хуулийг зөрчвөл эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол 15-20 хоногоор баривчлахаар заасан байна. Хэнийг нь зөвшөөрөлгүй цуглаан хийлээ гэж баривчилж болдог, хэнийг нь чаддаггүй юм бэ. Би энэ асуудлаар Төрийн ордны хамгаалалтын албаны дарга, хурандаа Лхагвасүрэнтэй уулзчихаад ирлээ.
-Хамгаалалтын албаны дарга ямар байр суурьтай байна вэ?
-Хуулиар хориглосон газар цуглаан хийж байгаа учраас МАН-ын гишүүдийг тараах ёстой юм биш үү гэдгийг Хамгаалалтын албаны даргаас асуусан. Гэвч тодорхой хариу хэлээгүй. Би өмнө нь хасах 40 хэмийн хүйтэнд гудамжинд, ард түмнийхээ төлөө жагсаж явсан. Бид тэр үед Оюутолгой, Тавантолгойн гэрээг өөрчилж, хүүхдийн мөнгө олго гэсэн шаардлага тавьж байсан.
Харин МАН-ын гишүүд шиг Төрийн ордонд, буйдан дээр суугаад “жагсаж” болохгүй. Хуулийг гууль болгоход оролцсон хүмүүс нь өнөөдөр өөрсдөө түүнийгээ шүүмжлээд сууж буй нь харамсалтай. Өвөрхангай аймгаас хэн УИХ-д орж ирэх тухайд чанарын ялгаа байхгүй. Энэ бол МАНАН-гийн тэмцэл гэж үзэж байна.
С.УУЛ