Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж улс төрийн хүрээнд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан МАН-ын дарга Ө.Энхтүвшин, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатар нарыг өчигдөр хүлээн авч уулзав. Төрийн үйл ажиллагаа тасралтгүй байх Үндсэн хуулийн зарчим алдагдах ёсгүйг Ерөнхийлөгч сануулсан байна. Мөн үүссэн нөхцөл байдлаас гарахын тулд УИХ-ын болон Дэгийн тухай хуулийн төслийг өргөн барихад бэлэн гэдгээ дуулгажээ.
УИХ-ын даргын захирамжийн дагуу УИХ-ын болон Дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг боловсруулах Ажлын хэсэг байгуулсан. Парламентад суудалтай бүх намын төлөөлөл орсон уг Ажлын хэсгийнхэн санал нэгдсэн тодорхой зүйлүүд бий. МАН-ын бүлэг байгуулах зэрэг олон асуудлыг уг төсөлд тусгасан юм. Гэвч бүрэн санал нэгдээгүйн улмаас асуудал гацаанд орсон юм. Тиймээс зөвшилц сөн саналууд дээр нь тулгуурлаад Ерөнхийлөгч төсөл боловсруулах юм байна.
Мөн тэрбээр “2013 оны төсвийн төслийг УИХ хугацаанд нь шуурхай, чанартай хэлэлцэж батлах ёстой. Хуучин бид төсвийн төслөө арванхоёрдугаар сарын 1-ний дотор хэлэлцэн баталдаг байсан бол Төсвийн тухай шинэ хуулийн дагуу уг хугацаа хоёр долоо хоногоор богиноссон. Арваннэгдүгээр сарын 15 гэхэд улсын төсвийг УИХ баталсан байх ёстой. Энэ чиглэлд анхаарч ажиллахыг би УИХ-ын дарга болон Ерөнхий сайдад сануулах болно” гэжээ.
МАН-ын удирдлагууд Төрийн тэргүүний саналыг зарчмын хувьд дэмжиж буйгаа илэрхийлээд, Бүлгийн гишүүдтэйгээ хэлэлцэхээр болжээ.