УИХ дахь МАН-ын гишүүд өчигдөр хуралдаж, цаашид хэрхэхээ ярилцжээ. Хоёр өдөр чуулганы танхимын үүдийг хааж суулт зарласан ч тэд төрийн ажлыг гацаагаагүй гэж мэдэгдэв. Тэдний эсэргүүцээд буй асуудлыг маргаашийн чуулганы хамгийн эхэнд хэлэлцэхээр төлөвлөжээ. Тэгэхээр хоёр нам зөвшилцөхгүй л бол МАН-ын хаалга хаасан суулт үргэлжилнэ гэсэн үг болж байна.
МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд “Ард түмний сонголтоор гарч, түр үнэмлэхээ авсан байсан гишүүдийг хууль хяналтын байгууллагатай хамтарч байгаад жагсаалтаас хассан. Тиймээс тэдний оронд тангараг өргүүлэх гэж буйгаа боль гэж бид шаардсан. Гэвч маргаашийн чуулганаар хэлэлцэх асуудлын эхэнд дээрхийг оруулсан нь бидний зүй ёсны үйлдлийг үл тоож, хууль зөрчиж буйгаа баталж буй хэрэг. Энэ асуудлаас бусдад бид оролцоно. Улс орны өмнө тулгамдсан олон асуудал байхад заавал хууль бус зүйлийг хэлэлцэх дарааллын эхэнд оруулснаараа АН өөрөө төрийн ажлыг гацааж байна. Хууль бус үйлдлээ зогсоох хэрэгтэй” гэлээ.
УИХ-ын болон дэгийн тухай хуулиар нам намын төлөөлөл оролцсон Ажлын хэсэг байгуулсан. Үүн дээр АН-аас бусад нам нь санал нэгдчихээд хүлээгээд буй гэнэ. Зөвшилцөх сонирхол байвал МАН-ынхан бэлэн байгаагаа ч дуулгасан юм. Бүлгийн дэд дарга С.Бямбацогт “Төсвийн хуулиар барьцаалж тангараг өргөх гээд байна” гэв. Бас хууль зөрчсөн бичлэг нь байсаар атал УИХ-д сонгогдчихсон гишүүдийг нь эгүүлэн татахыг “Хууль бус” гэлээ. Тэднээс сэтгүүлчид зарим зүйл тодрууллаа.
-Төрийн ордны тухай хуулиар энэ объектод жагсаал, цуглаан, суулт хийхийг хориглосон. Та нар хуулиа мөрдөх шаардлага тавьчихаад өөрсдөө хууль зөрчөөд буй юм биш үү?
Н.Энхболд: -Бид боломжтой бүх арга хэмжээг авна. Ямар ч хэлбэртэй байж болно. Бас хараахан өлсгөлөн зарлачихаагүй байна. Тиймээс хууль зөрчөөгүй.
С.Бямбацогт: -Асуудлыг шүүхээр эцэслээгүй учир СЕХ тогтоолоо татаж болно. Эсвэл УИХ шүүхийн шийдвэр гартал хэлэлцэх асуудлын дарааллаас хойшлуулж болно шүү дээ. 6600 хүний санал илүү авсан хүнийг УИХ-д оруулахгүй байгааг өвөрхангайчууд эсэргүүцэж байна. Улс төрийн соёлтойгоор зөвшилцөх хэрэгтэй
С.ТУУЛ