УИХ-д үүсээд буй нөхцөл байдлыг АН-ын бүлэг өчигдөр хэлэлцжээ. Шинэ УИХ, Засгийн газрын хэрэгжүүлж буй өөрчлөлтийн бодлогын үр дүнд төрийн албанд хүнд суртал багасаж, салбар салбарт ахиц гарч буйг Бүлгийн дарга нь онцлов. Гэтэл УИХ-ын гишүүд нь хуулиа зөрчиж, буруу үлгэр дууриалыг ард түмэнд үзүүлж буйг АНынхан буруушаажээ. АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “МАН-ынхан Анхдугаар чуулганаас эхлээд хууль зөрчсөн. Хуралдааныг насаар хамгийн ахмад хүн даргалах ёстой байсан ч асуудлыг улстөржүүлсэн.
2008 оны долоодугаар сарын 1-ний үйл явдал сонгуулийн үеэр хууль зөрчих явдал хавтгайрснаас үүдсэн. Тиймээс ч АН хууль зөрчсөн байдалтай эвлэрэхгүй. Өвөрхангайд ийм л асуудал үүссэн. МАН-ын нэр дэвшигчид хүүхэд сонгуулийн сурталчилгаанд ашигласныг тойргийн хороо нь тогтоочихсон. Тэднийг саналаар илүү гээд байгаа. Сонгогчдын саналыг мөнгө, эд зүйл тараах замаар худалдаж авч болохгүй. Тэд Төрийн ордонд хоёр хоног эсэргүүцэл илэрхийллээ. Төрийн ордны тухай хуулийг тэд өөрсдөө баталсан. Уг хуулийн 11.1.4-т уг газар жагсаал, цуглаан, суулт хийхийг хориглосон. Гэвч МАН дээрх үйлдлийг хийснээрээ гурав дахиа хальтирлаа” гэв.
Бас хэлэлцэх асуудлын дарааллаас тангараг өргөх тухайг хойшлуулахгүй, Даргын зөвлөлөөс гаргасан жагсаалтын дагуу хэлэлцэх болно гэсэн юм. Тэд Увс, Дорнод, Завхан, Дархан-Уул гээд Сонгуулийн хууль зөрчсөн аймгуудаас сонгогдсон гишүүдийг эргүүлэн татах асуудлыг ч хөндөхөөр зэхжээ. Тус бүлэг үүнээс гадна ирэх оны төсвийн талаар Ажлын хэсгийнхээ мэдээллийг сонсчээ. Төсөв тойрсон шүүмжлэлүүдийг хэлэлцээд зарим нь эргэн харах хэрэгтэй гэсэн байна. Ерөнхий сайдын багцад задаргаа хийлгүйгээр суулгасан 50 тэрбум төгрөгийг юунд зарцуулах гэж буйгаа нэг бүрчлэн УИХ-ын чуулган дээр танилцуулах гэнэ.
Мөн МАН-ынхны “Хүн рүү чиглээгүй төсөв, нийгмийн халамж, цалин тэтгэврээ хассан” гэсэн шүүмжлэлийг авч үзжээ. Энэ талаар “116 мянган төрийн үйлчилгээний ажилтан байдаг. Гэтэл эднээс зөвхөн 5000 багшийг онцолж үзэх нь өрөөсгөл. Багш нарыг тэтгэвэрт гарахад 18 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэлэг олгодог байсныг сонгуулийн өмнө 36 сар болгож өөрчилсөн. Сонгуульд зориулсан уг хуулийг хэрэгжүүлэхэд 150 тэрбум төгрөг шаардлагатай. Дээрээс нь үйлчилгээний бусад ажилтны тэтгэмжийн эх үүсвэрийг нэмбэл төсөв ачааллыг нь даахгүй.
Одоохондоо төсвийн төслөөс дээрх заалтыг хасаагүй. Бид уг мөнгийг боловсролын салбарыг хөгжүүлэх, сургалтын чанарыг дээшлүүлэх, багш нарын бүтээлч санаачилгыг дэмжихэд зориулах саналтай байгаа” гэлээ.