Эдийн засгийн болон Төсвийн байнгын хороо өчигдөр хамтран хуралдаж, Азийн хөгжлийн банкны хөрөнгөөр хэрэгжүүлэх “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-4 төсөл: Нэмэлт санхүүжилт”, “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5 төсөл”-ийн зээлийн гэрээний төслийн талаар зөвшилцөв.
МАН-ынхан Өвөрхангайгаас сонгогдсон хоёр гишүүний тангараг өргөхөөс бусад асуудлаар УИХ-ын үйл ажиллагааг гацаахгүй, оролцоно гэсэндээ хүрчээ. МАН-аас Л.Энх-Амгалан, Б.Бат-Эрдэнэ, Ж.Эрдэнэбат нар хамтарсан хуралдаанд оролцсон. Тэд Байнгын хорооны гишүүн биш учир санал хураалтад оролцохгүй, гэхдээ УИХ-ын гишүүний хувьд санал бодлоо илэрхийлэх эрхтэй юм.
Хэлэлцэх асуудалд Уул уурхайн хөгжлийн түр хороо байгуулах тухай тогтоолын төслийг оруулж өгөхийг Б.Бат-Эрдэнэ гишүүн хүсэв. Тэрбээр “Оюутолгойн хөрөнгө оруулалт 2.4 тэрбум доллараас өссөөр 13.4 тэрбум доллар болсон. Нөөц нь анх 45 сая тонн байсан бол одоо буурсаар 31 сая тонн болчихлоо. Энэ бүхний учрыг олох хэрэгтэй. Оюутолгойн гэрээнд өөрчлөлт оруулах байр суурьтай 26 гишүүн бий. Бид Түр хороо байгуулах тогтоолын төсөл боловсруулж, өргөн барьсан ч хэлэлцэх асуудлын дараалалд оруулаагүй байна” гэлээ. Гэвч уг асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэх ёстой юм байна. Үүнийг сонссон гишүүн “Хоёр ч Байнгын хорооны дарга байна. Та нар Даргын зөвлөлийн хурал дээрээ энэ асуудлыг дараалалд яаралтай оруулж өгөх талаар санаа тавиач” хэмээн хүслээ.
Азийн хөгжлийн банк (АХБ)-наас нийт 400 сая долларын зээлийг 2016 онд олгохоор ярьж буй аж. Үүнээс 60 сая долларын хөнгөлөлттэй зээлийг эрүүл мэнийн салбарт зориулахаар шийдсэн юм байна. Уг мөнгөөр хоёр төслийг санхүүжүүлэх юм. 30 сая доллараар нь нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт 300 ортой, эмэгтэйчүүд, хүүхэд хэвтэн эмчлүүлэх, оношлуулах эрүүл мэндийн нэгдсэн эмнэлэг барих гэнэ. Байнгын хороо хэлэлцээрийг зөвшилцсөний дараа АХБ-ны Удирдах зөвлөл эцсийн шийдвэрээ гаргаж, улмаар эмнэлгийн зураг төслийг хийж, ажилдаа орох юм байна. Үлдсэн зээлээр эмнэлгийн хог хаягдлыг боловсруулах төв барихаар төлөвлөжээ. Төслийг хэлэлцэхийг гишүүд дэмжсэнээр хамтарсан хуралдаан өндөрлөлөө.
С.ТУУЛ