УИХ-ын гишүүн С.Ганбаатар Уул уурхайн ассоциацийн (УУА) тэргүүнийг шүүхэд өгснөө өчигдөр мэдэгдэв. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний талаар олон нийтэд нэгдсэн, зөв мэдээлэл өгөхийн тулд тэрбээр Сангийн сайд асан С.Баярцогтыг халз мэтгэлцээнд урьсан. Үүнтэй нь холбогдуулан дээрх ассоциацийн тэргүүн Н.Алагаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Уул уурхайн мэдлэгээр тэр намайг гүйцэхгүй, түүнийг хэн нэгэн удирдаж байгаа” гэсэн агуулгатай мэдэгдэл гаргасан. Энэ талаар эрхэм гишүүн “Ард түмнийг төлөөлж буй үүргээ биелүүлж яваа УИХ-ын гишүүнийг энэ хүн гүтгэлээ, миний ард хэн нэгэн байгаа гэж хэлснээ нотлох ёстой. Тиймээс түүнийг шүүхэд өгч байна” гэсэн юм.
УУА нь Оюутолгойгоос санхүүждэг, тиймээс ийм яриа гаргалаа. Цөөхөн монголчууд гаднынхны гар хөл болж, тэдний мөнгөний төлөө хоорондоо эвдрэлцэх ёсгүй хэмээн тэр үзэж байна. Тус ассоциацийн гиш үүн байгууллагын нэг нь Оюутолгойн ордын хөрөнгө оруулагч “Рио Тинто” компани аж. Тэрбээр мөн “Рио Тинто” ийм замаар тухайн орны улст өрчид, иргэдийг хооронд нь хагаралдуулж, эрх ашгаа гүйцэлдүүлдэг. Дөрвөн ч оронд энэ туршлагаа хэрэгжүүлсэн түүх бий” гээд уул уурхайн салбарын эрдэмтэд гаднынхны гар хөл болох нь ихэссэнийг санууллаа. Түүнээс зарим зүйл тодрууллаа.
-С.Баярцогт гишүүнтэй хийх мэтгэлцээн хэзээ болох вэ?
-С.Баярцогт гишүүн ажлаар гадагшаа явах болсноо өнгөрсөн долоо хоногт хэлсэн. Бас “Төсөв ярьж бужигнаж буй үеийг өнгөрөөгөөд дараа нь мэтгэлцээнээ хийвэл яасан юм бэ” гэсэн. Миний хувьд мэтгэлцэхэд бэлэн байгаа. Тиймээс ирэх сарын 7 гэдэг хугацаа товлосон, гэхдээ энэ талаар нөгөө гишүүнтэйгээ ярилцаж байгаад шийднэ. Мэтгэлцээнийг Төрийн ордны А, Б танхимын аль нэгэнд хийж өгөөч гэж УИХ-ын Тамгын газраас хүссэн. Хэвлэлийнхэн, иргэдийн төлөөллийг оролцуулахын тулд багтаамж сайтай танхим хэрэгтэй.
-Оюутолгойн 71:29 гэсэн сурталчилгааг та шүүхэд өгсөн. Энэ асуудал юу болсон бэ?
-Сүхбаатар дүүргийн шүүхэд хандсан, тэд хуралдааны товыг өнөөдөр надад мэдэгдэнэ гэсэн.