“Саусгоби ресурс” компанийн хуулийн ерөнхий зөвлөх Сара Армстронгийг авлигын хэргээр шалгаж буй тухай манай сонин өмнөх дугаартаа мэдээлсэн билээ. Тус улсын “Australian Broadcasting Corporation” телевиз энэ тухай мэдээлснийг орчуулан хүргэж байна. Австралийн Холбооны Засгийн газар нь Монголд саатуулагдсан австрали эмэгтэйд зөвлөгөө өгөхөөр ажиллаж байна. “Саусгоби ресурс” компанийн хуулийн ерөнхий зөвлөхийн хувьд хээл хахууль, татвараас зугтаасан эсэхийг нь түүнээс асууж байжээ. Канберра дахь Монголын ЭСЯ-ны атташе Г.Хантулга “Сара Армстронг нь “Саусгоби”- той холбоотой татвар төлөөгүй гэх хэргийн хамгийн ойрхон гэрч тул Монголоос гадагш явахгүй байхыг түүнд анхааруулсан” гэж ярьсан байна.
Улаанбаатар дахь хууль хяналтын байгууллагууд түүнээс мэдүүлэг авах гэж байгаа. Гэхдээ түүнийг буруутгаагүй, уг хэргийг өөрт нь тулгаагүй, харин өөрийнх нь ажиллаж буй компани, АМГ болон АТГ-т хамаарах зүйлийг асуух гэнэ. Тус компанийн Гадаад харилцаа хариуцсан дэд ерөнхийлөгч Дэйв Бартел “Энд татварын маргаан байхгүй. Харин уул уурхайн лицензтэй холбоотой асуулгыг Монголын Засгийн газарт тавьсан. Олборлолтын өмнөх лицензийн гэрээнүүдэд тусгасан заалтаа биелүүлээгүй, хөрөнгө оруулалтын маргаантай асуудалтай холбоотойгоор Монголын Засгийн газрын эсрэг мэдүүлгийг долоодугаар сард өгсөн юм. Сара тэр мэдүүлэгт гарын үсэг зурсан” гэжээ.
Харин Сарагийн паспортыг нь хурааж авсан тухай мэдээллийг Австралийн Гадаад харилцааны сайд Боб Карр үгүйсгэлээ. Тэрбээр “Австрали бол Монголын уул уурхайн хамгийн том хөрөнгө оруулагч. Бидний хамтын ажиллагаа маш сайн байгаа. Уг хэргийг зөв шийдэх талаар Монголын тал онцгой анхаарна гэдэгт итгэж байна” гэж мэдэгджээ.
Г.ӨЛЗИЙ