УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаан үдээс хойш эхлэв. Намууд зөвшилцсөн учраас хуралдаан хэвийн үргэлжилж, улсын ирэх оны төсвийн төсөлтэй холбоотой нэмэлт, өөрчлөлт оруулж буй 10 орчим хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдэв. Эдгээр нь төсвийн орлогын эх үүсвэрийг нэмэх зорилготой өөрчлөлтүүд голдуу байгаа юм. Тухайлбал, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, иргэдийн хадгаламжийн орлогын хүүгээс албан татвар авахаар тусгасан. Ингэхдээ нэг банкинд 100 сая төгр өгөөс дээш хэмжээний хадгаламжтай иргэнээс л татвар авах босго тогтоожээ. Энэ талаар Р.Гончигдорж гишүүн “Нэг банкин дахь хадгаламж нь л 100 сая төгрөг байвал татвар төлнө гэлээ. Тэгвэл хүмүүс мөнгөө олон банкинд тараан байршуулаад л татвараас зайлсхийчихнэ шүү дээ. Үүнтэй холбоотой олон сөрөг үр дагавар гарч ирнэ” гэсэн юм. Байнгын хороон дээр энэ асуудлыг ярьсан ч хууль санаачлагчид нь “Банкуудад мөнгөө тараан байршуулснаар тэдний эх үүсвэр нэмэгдэх давуу талтай” гэсэн тайлбар хийсэн аж. Үүнийг Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн “Хангалтгүй “ хэмээн үзэж, хэлэлцүүлгийн явцад энэ талаар сайн ярилцах хэрэгтэй гэлээ.
Гишүүн Су.Батболд “Аймгуудын хөрөнгө оруулалтын хуваарилалт тэгш биш байна. Сайдтай аймагт хөрөнгө их оноожээ. Тухайлбал, Эдийн засгийн хөгжлийн сайдын сонгогдсон Архангай аймагт ирэх онд 42 ажил хийхэд 33 тэрбум төгрөг төлөвлөсөн байна. Үүн дотор 10 сургууль, 10 цэцэрлэгийг шинээр барих болон засварлана гэжээ. Х.Баттулга сайдын сонгогдсон Баянхонгор аймагт 30 тэрбум төгрөг төсөвлөсөн атлаа Төв аймагт есөн тэрбум төгрөг хуваарилсан байна” гэв. Сангийн сайд Ч.Улаан түүнд “Би тойргоос сонгогдоогүй учир хардлагад өртөхгүй байх давуу талтай юм. Бид бүс нутгийн эрх ашигт захирагдаж хуваарилалт хийгээгүй. Харин ч улсын төсвөөс орон нутгийг дэмжих механизм бий болгож, Орон нутгийн хөгжлийн сан байгуулахаар тусгаснаараа энэ төсөв онцлог болсон” гэсэн хариулт өгсөн.
Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Батбаяр яагаад өөрийн тойрог руу илүү хөрөнгө татсанаа тайлбарласангүй, “Хөрөнгө оруулалтад нийт 1.5 их наяд төгрөг төсөвлөсөн. Үүний 1.1 их наяд нь өмнөх оноос шилжиж ирсэн, 300 сая төгрөгөөр нь шинэ объект барина” гэсэн “хөндлөн” хариу өгөв. Су.Батболдын хэлсэн үг Архангайд данстай Р.Гончигдорж гишүүний чихийг халууцуулжээ. Тэрбээр “Сайд нь хариулсангүй. Тэр 42 ажлын 20 нь МАН-ын гиш үүн Засаг дарга Баатарбилэгийн хийгээгүй үлдээсэн арга хэмжээ шүү. Түүнийг тодотгол хийхдээ хассан байсныг эргүүлж нэмсэн юм” гэж хэлээд авна лээ. Мөн концессын гэрээгээр хийх ажлын жагсаалтыг УИХ баталдаг байсныг Засгийн газар гаргах өөрчлөлтийг Су.Батболд шүүмжлээд Сангийн сайдаас “Харин ч Засгийн газар хөнжлийнхөө хэрээр хөлөө жийсэн зөв жагсаалт гаргаж чадна. УИХ хэрэгжилтэд нь илүү сайн хяналт тавих юм” гэсэн хариу сонслоо.