Монголчуудын бүх нийтээр амрах өдрийн тоо удахгүй нэгээр нэмэгдэх нь. Энэ оноос эхлэн бид арваннэгдүгээр сарын 14-нд Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдрийг тэмдэглэсэн шиг амарч өнгөрдөг болох гэж байна. Уг өдрийг Монгол бахархлын өдөр хэмээн нэрлэж буй юм. Энэ талаар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгасныг өчигдөр УИХын чуулганаар хэлэлцлээ. Дэлхийн талыг эзэлж явсан эрэлхэг хаанаараа монголчууд бахархдаг. Тиймээс ч мэндэлсэн өдрийг нь тэмдэглэхийг эсэргүүцэх гишүүн гарсангүй. Гэвч яг хэзээ мэндэлсэн талаар эрдэмтдийн маргаан үргэлжилж байхад арваннэгдүгээр сарын 14 гэж хэн тогтоов гэдгийг тэд сонирхсон ч тоймтой хариу олж чадсангүй. Мөн баяр хэт олдож, амралт ихдээд байгааг зарим гишүүн сануулж байлаа. Арваннэгдүгээр сард Монгол Улс тунхагласны баяр тохиодог. Энэ жилийн тухайд орон нутгийн сонгууль болж, 21- нд бас амарна. Тэгээд ч Улс тунхагласан өдөр нь арваннэгдүгээр сарын 26 биш, арванхоёрдугаар сарын 29 хэмээн сүүлийн үед түүхчид маргах болсон. Тиймээс арванэгдүгээр сарын 26-нд амрахаа болих хэрэгтэй гэсэн саналтай хүн ч байлаа. Эсрэгээр Ц.Баярсайхан гишүүн “Амралт чөлөөт цаг бол нийтийн том баяр шүү дээ” гэв. Улс тунхагласны баяраар амарсан хэвээр байх түүний саналтай С.Бямбацогт нэгдлээ. Тэрбээр “Арванхоёрдугаар сарын 29-нийг үндэсний эрх чөлөөний өдөр гэдэг. Дээрээс нь Цагаан сар, Ардын хувьсгалын гэх мэтээр хэтэрхий олон баяртай болж байгааг бас анхаарах нь зөв шүү” гэсэн юм. Амрах өдөр олдоод байгааг нэг хэсэг нь шүүмжилж байхад тоог нь нэмэх сонирхолтой гишүүд ч байв. Зарим улс оронд шашны баяр гэж тэмдэглэдэг. Манай улсын тухайд энэ баярыг Бурхан багшийн дүйчин өдөр гэж ойлгож болох тул энэ үеэр ч бас амаръя гэж хэлээд авсан. Р.Гончигдорж гишүүн “Монголчууд гадаадад Чингис хаанаараа овоглодог. Түүний үр сад гэдгээрээ бахархдаг. Тэр бол Монгол Улсыг төвхнүүлэхээр Мөнх тэнгэрээс илгээгдсэн хүн” хэмээн бахархав. ИЗНН-ын С.Дэмбэрэл гишүүн асуудлыг арай өөр өнцгөөс авч үзсэн. Тэрбээр “Саяхан Монгол Улс бахархлын шувуутай боллоо. Одоо монгол бахархлын өдөртэй болох нь. Бид өнгөрсөн, одоо, ирээдүйн балансыг алдагдуулаад байна. Өнгөрсөн рүүгээ хэт орж, өнгөрсөндөө хэт анхаарах нь буруу. Монголчуудад Чингис хаанаас өөр бахархах юм байна уу. Монгол бахархлаа сэргээх гэж буй юм бол монгол судлалыг хөгжүүлэх гэх мэт илүү өргөн хүрээнд авч үзмээр байна. Амарна гэхээсээ илүү баялаг бүтээхдээ бас анхааръя. Нэг хэсэг нь ажиллая гээд байхад нөгөө хэсэг нь амрах тухай л ярих юм. Чингис хааныхаа нэрийг бид их олон жил худалдаж идлээ, одоо тэр чинь хуучирсан моод болж байна. Жаахан алсын хараатайгаар асуудалд хандах хэрэгтэй” гэлээ. Хуулийн төслийг хэлэлцэх эсэхээр санал хураахад гишүүдийн 70,2 хувь нь Чингис хааны мэндэлсэн өдрийг Монгол бахархлынх болгож, нийтээр амрахыг дэмжлээ.