-Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргыг ажлаас чөлөөллөө-
Яам, агентлаг, газруудын удирдлагатай сар бүрийн сүүлийн долоо хоногт тогтмол хийх “Хариуцлага, хяналт, хэрэгжилт” видео хурал баасан гаригт болж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг гурван сайн болон гурван саар ажлуудаа нэрлэлээ. 0-18 хүртэлх насны хүүхэд бүрт Хүүхдийн мөнгө олгож эхэлсэн, 13 банктай гэрээ байгуулж, мөнгийг шимтгэлгүйгээр олгох болсноос гадна энэ ажлыг иргэдэд төвөг чирэгдэл учруулахгүйгээр зохион байгуулж байгаа Хүн амын хөгжил, нийгмийн хамгаал лын яамныхныг эхлээд сайшаав.
“Шинэчилж шийдье-222” анхны уулзалтаар иргэн Г.Наранчимэгийн гаргасан саналын дагуу төрийн үйлчилгээг иргэдэд тасралтгүй, шуурхай хүргэх зорилгоор төв болон нутгийн захиргааны байгууллагад мөрдөж байгаа дотоод ажлын өдрийг үгүй болгох Засгийн газрын шийдвэр хангалттай сайн хэрэгжсэнийг удаад нь онцолсон юм. Дулааны V цахилгаан станцын байршлыг өөрчлөх, IV цахилгаан станцын хүчин чадлыг нэмэгдүүлэх асуудлыг Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэсэн. Энэ асуудлыг Эрчим хүч ний яам анхаарч, сайн ажиллаж байгааг тэмдэглэв.
Саарын жишээнд Сангийн яам нэрлэгдлээ. Сурагчдын үдийн цай, дотуур байрны болоод цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг Засгийн газар энэ оны төсвийн тодотголд нэмэгдүүлж тусгасан. Мөн цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлын 50 хувийг эцэг эх хариу цах шаардлагагүй гэж шийдвэрлэсэн байхад Төсвийн тухай хуулийн төсөлд хоолны мөнгөний 50 хувийг төр хариуцна гэж дур мэдэн оруулж, иргэдийг бухимдуулжээ. Мөн Цөмийн энергийн газрын өмнөх даргын 2013 оны төсөвт оруулахаар өгсөн саналыг тэр чигээр нь Төсвийн тухай хуулийн төсөлд багтааснаас шинэчлэлийн Засгийн газар Цөмийн эрчим хүчний станц барих гэж байна гэсэн ташаа ойлголтыг УИХ-ын гишүүд, иргэдэд өгсөн байна. Тендерээр авсан ажлын гүйцэтгэл муу байхад мөнгийг нь бүрэн шилжүүлдэг атлаа хийж дуусгасан ажлынх нь мөнгийг шийдвэрлэж өгдөггүй зөрчил тус яаманд гарч байгааг Ерөнхий сайд онцлов. Үүнтэй холбогдуулан бямба гаригт болсон Засгийн газрын хуралдаанаар Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Баттөрийг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.
Б.БОЛД