УИХ-аас томилдог байгууллагуудын удирдлагад хандан З.Энхболд дарга цаасан мэндчилгээг цахим болгох, бага
зардлаар баяр тэмдэглэхийг уриалсан. Энэ талаараа тэрбээр өчигдөр хэвлэлийнхэнд товч тайлбар хийлээ.
-Төрийн байгууллагуудын үрэлгэн зардал их байна. Яам, агентлаг, УИХ-ын харьяа байгууллагын удирдлагуудад шинэ жилээр мэндчилгээ илгээнэ гэхэд л ил захидлын зардал 100 сая төгрөг болно. Нэг ил захидал 1500 төгрөгийн үнэтэй гээд тооцоход ийм зардал гарч буй юм. Шинэ жилийн маргааш нь тэдгээр ил захидлыг хогийн саванд хийнэ шүү дээ. Дээрээс нь зөвхөн ил захидал биш, оргилуун дарс, чихрийн цуглуулга хамт бэлэглэдэг. Энэ бүхний зардал, дээрээс нь тээвэрлэх мөнгийг тооцвол их тоо гарна.
Ил захидлыг голдуу БНСУ, БНХАУ-д хэвлүүлдэг юм билээ. Оргилуун дарс, чихрийн цуглуулгыг нь гаднаас авдаг. Тиймээс ийм их мөнгийг гадагшаа урсгаж, гаднын компаниудыг дэмжихийг оронд мэндчилгээгээ цахим хэлбэрээр илгээвэл тэр мөнгө эх орондоо үлдэнэ, зардал хэмнэнэ. Шинэ жилийн баяраа төрийн байгууллагад тэмдэглэхэд төсвөөс нэг хүнд 40.000-45.000 төгрөг зарцуулж байна. Тиймээс энэ үрэлгэн зардлыг хэмнэх ёстой. Шинэ жил тэмдэглэж болно, тэгвэл зардлаа халааснаасаа гаргах хэрэгтэй гэж байгаа юм.
-Энэ оны улсын төсвийг баталчихсан. Баяр наадам тэмдэглэх зэрэг энэ мэт зардалд хэдэн төгрөг тусгасан юм бэ?
-Төсөвт яг баяр тэмдэглэх зардал гэж биш, “бусад” гэсэн ангиллаар тусгадаг юм. Зөвхөн УИХ-ын харьяа 250 байгууллагын удирдлагад ил захидал хүргэх зардлыг тооцоход л 100 сая төгрөг болж байгаа учраас ийм уриалга гаргасан.