Би “Милан”-ыг дэмждэггүй л дээ. Гэхдээ ингэж муу тоглохыг нь харахаар харамсаад байх юм. Уг нь өнгөрсөн улиралд “Сери А”-гийн аваргын төлөө “Ювентус”-тэй эцсийн мөч хүртэл тэмцээд дөрвөн оноо хоцрон мөнгөн медаль авсан баг юмсан. Гэтэл шинэ улирал эхэлснээс хойш бүр арчаагаа алдаж байна аа.
Тэд найман тойргийн дараа хоёрхон хожилтоогоор 15-р байрт жагсаж байв. Хэдий байр нь 15 гэж байгаа боловч доош уруудах багтай ижил оноотой явсан. Харин бямба гаригт “Женоа”-г 1:0-ээр арайхийн хожиж, ес рүү орж ирэв. Хэдий энэ хожлыг авсан ч гэлээ тэднийг сэргэж чадна гэж найдах хүн ховор байна. Энэ янзаараа бол юун мөнгөн медаль, юун Аваргуудын лигийн эрх.
Европа лигт л орвол их юм болох шинжтэй. “Хар-улаанууд” дотоодын лигтээ тааруу яваан адил Аваргуудын лигт ч үлгэн салган сажилсаар. Эхний тоглолтод хэсгийн хамгийн муу баг “Андерлехт”-ийн хаалганд гоол оруулж чадалгүй тэнцсэн. Дараа нь “Зенит”-д хожигдож яваад ялж чадсан. Харин сүүлийн тойрогт “Малага”-гийн эсрэг олигтой тэмцэж чадалгүй байсаар 1:0- ээр хожигдов. Багийн удирдлагууд тэр тоглолтын үр дүнгээс шалтгаалан дасгалжуулагч М.Аллегриг халах эсэх тухай ярилцана гэж байсан. Тэгвэл одоо түүний албаа хүлээлгэж өгөх цаг ойртсон бололтой.
Саяхан л бүгдийг айлгаж байсан баг яагаад ийм хурдан доройтож орхив оо? Үүний хариуг өнгөрсөн зун хийсэн замбараагүй солилцоо наймаатай холбож тайлбарламаар байна. Тэдний зуны солилцоог хараад үнэхээр цочирдсон шүү. Учир нь “Милан” зуны хэдхэн сарын дотор 20 хүнээ явуулж, 22 тоглогч авчирсан байгаа юм. Багийг орвонгоор нь эргүүлээд хаясан байгаа биз. Хамгийн гол нь Златан Ибрагимович, Тьяго Сильва зэрэг гол тоглогчдоо явуулсан хэрнээ тэдний орыг залгах сайн хөлбөмбөгч авчирсангүй. Мөн А.Неста, Ж.Гаттузо, К.Зеедорф, Ф.Инзаги, Ж.Замбротта, М.Ван Боммель, М.Оддо гээд хөгширсөн ч гэсэн үүргээ биелүүлээд байсан хүмүүсийг явуулсандаа одоо харамсаж байгаа биз ээ. Багийг залуужуулна гэж авчирсан өнөөх тоглогчид нь тэдний хэмжээнд байж чадсангүй.
Одоо энэ багт болж бүтэж байгаа зүйл нэгээхэн ч алга. Довтлогчид нь гоол хийхгүй, хагас хамгаалагчид нь тэднийг дамжуулалтаар хангаж чадахгүй байна. Мөн арын албаны залуус нь ч үүргээ тааруухан биелүүлж байгаа учир гоолын тун амархан алдах болов. Гялайж гялтайх ганц тоглогч нь египет гаралтай залуу довтлогч Стефан Эль-Шаарави гээд хэлчихэд буруудахгүй байх. Чухам энэ залуу л гоолоор цангасан “Милан”-ы довтолгоог чирч яваа бөгөөд багийнхаа лигт оруулсан 10 гоолын зургааг нь хийсэн юм.
Ер нь тэднийг тааруухан тоглох нь гэсэн бодол улирлын эхнээс л төрж байсан. “Милан” улирлын өмнө “World Football Challenge” тэмцээнд “Реал”-д 5:1-ээр бут ниргүүлсэн бол дараа нь С.Берлусконигийн цомын тэмцээнд гол өрсөлдөгч “Ювентус”-т 3:2-оор дийлдсэн юм. Харин улирал эхэлснээс хойш талбайдаа гурван ч удаа ялагдаад байгаа баримт тэдний хэр тааруухан явааг гэрчилнэ. Хэрвээ байдал дээрдэхгүй бол дасгалжуулагч Аллегри халагдаж л таарна. Гэхдээ оронд нь өөр дасгалжуулагч ирлээ ч гэсэн сулхан бүрэлдэхүүнтэй, хоорондоо ойлголцож чадаагүй багийг сайн тоглуулах хэцүү. Тиймээс “Милан” ирэх өвлийн солилцоогоор хүчээ зузаатгахыг хичээх биз ээ. Агуу түүхтэй “Милан” баг ирэх улиралд Евро цомын тэмцээний гадна үлдвэл харамсалтай л байна.
Г.БАЯРСАЙХАН