Монголд уул уурхайн салбар үүсч хөгжсөний түүхт 90 жилийн ойг тохиолдуулан Уул уурхайн яам, Ашигт малтмалын газар, Монголын шатрын холбоо хамтран манай улсын шилдэг шатарчдын түргэн рапидын /түргэн тоглолтын/ аварга шалгаруулах тэмцээнийг 2012 оны аравдугаар сарын 26-28-ны өдрүүдэд Монголын залуучуудын холбооны байранд амжилттай зохион явууллаа.
Тэмцээнд эрэгтэй 64, эмэгтэй 32 нийт 96 шатарчин тэдний дотор шатрын их мастер 6, олон улсын мастер 5, ФИДЕ-гийн мастер 16, спортын мастер 32, спортын дэд мастер дөч гаруй тэрчлэн удахгүй Словен улсын Марибор хотод болох өсвөрийн шатарчдын ДАШТ-нд оролцох өсвөрийн шатарчид оролцлоо.
Тэмцээний нээлтийн ажиллагаанд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Уул уурхайн сайд Д.Ганхуяг, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, АМГ-ын дарга Г.Алтансүх, Монголын шатрын холбооны ерөнхийлөгч Г.Занданшатар нар оролцлоо. Эрэгтэй шатарчдын төрөлд шатрын их мастер Ц.Батчулуун, Б.Гүндаваа, ФИДЕ-гийн мастер У.Насанжаргал, У.Мөнхгал, З.Бямбаа нар, эмэгтэй шатарчдын төрөлд шатрын их мастер Б.Мөнгөнтуул, олон улсын мастер Б.Баярмаа, шатрын их мастер Т.Батчимэг, олон улсын мастер Д.Янжиндулам, спортын дэд мастер Г.Амаржаргал нар эхний таван байрыг дараалан эзэллээ. Тэрчлэн ахмад болон өсвөрийн шатарчдад тусгай шагнал олгожээ.