Хэдхэн хоногийн дараа Монгол Улсын ОХУ-тай найрамдалт харилцаа тогтоосны 100 жилийн ой болох гэж байна. Өчигдөр ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэн хөл ихтэй байлаа. Тэмдэглэлт ойн арга хэмжээнд оролцохоор Канадаас ирсэн зочин олны анхаарлыг татаж байв. Түүний өвөг эцэг, хаант Оросын цэргийн зүтгэлтэн, дэслэгч генерал Андрей Степанович Бакич 1921 онд Монголд дайтаж явсан. Тэгвэл генералын ач охин Ольга Бакич Монголд хэвлэлийн үйлдвэр байгуулахад гол хувь нэмэр оруулсан Оросын хаант засгийн үеийн түшмэл И.Я.Коростовецийн тэмдэглэлийг хадгалж үлдсэн нэгэн.
Уг номыг хожим түүхийн ухааны доктор О.Батсайхан орчуулан, олны хүртээл болгосон билээ. ОУСХ Канад улсын Торонтогийн их сургуулийн профессор Ольга Бакич болон ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд В.В.Самойленкод хүндэт доктор цол, өргөмжлөл гардуулав.
Хатагтай Ольга Бакич , -Миний өвөг эцэг цагаантны генерал Бакич Монголд байлдаж яваад хувьсгалчдын гарт амь үрэгдсэн байдаг. Би танай оронд огт өөр шалтгаанаар ирсэн. Иргэний дайны үеийн эмгэнэлт явдал хэдийнэ дууссан. Монгол улсад ирээд хүндэт доктор цол гардсандаа туйлын баяртай байна гэлээ. Тэрбээр өнөөдөр ГХЯ-д болох Монгол Улс, ОХУ-ын хооронд найрамдалт харилцаа тогтоосны 100 жилийн ойд зориулсан олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцоно.
Б.НАЦАГДОРЖ