УИХ-ын өчигдрийн чуулганаар ирэх оны улсын төсвийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийв. Төсвийн байнгын хорооны
Ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй 100 гаруй саналыг орлого болон хөрөнгө оруулалтыг нэмэх, хасах гэсэн чиглэлээр хураасан юм. МАН-ын гишүүдэд асуулт их байлаа. Тухайлбал, байгалийн гамшигт нэрвэгдсэн оронд хүмүүнлэгийн тусламж үзүүлэхэд 2.5 тэрбум төгрөг нэмж гаргах саналд Ц.Нямдорж гишүүн ихэд эргэлзэв. Тэрбээр “Аль оронд, хэзээ ямар байгалийн гамшиг болохыг яаж урьдчилж мэдэв. Ямар бөө, эсвэл христийн шугамаар мэдээд байна. Сайд байсан хүн учраас ийм төсөв хэрэгтэйг мэднэ. Гэхдээ үүнийгээ Засгийн газрын нөөц хөрөнгөд суулгахгүй яасан юм” гэлээ.
Засгийн газрын нөөц хөрөнгөд ийм төсөв тусгаагүй учраас нэмж оруулж ирснийг Ажлын хэсгийнхэн тайлбарлаад түүнд “Асуудлыг гуйвуулахгүй бол сайн байна” гэлээ. Берлинд ЭСЯ барихад 1.5 тэрбум төгрөг төсөвлөснийг экс сайд бас л гайхаж, “Берлины ЭСЯ өөрийн байртай. Түүний өөдөөс харсан нэг жижиг байшинг л нэмж авах гээгүй юм бол. Тэгээд түүнийг авахад 1.5 тэрбум төгрөг ихдэнэ” гэв. Гадаад харилцааны сайд Л.Болд “Тэр барилга хотын захад учир иргэддээ хүрч үйлчлэх боломжгүй байгаа юм. Тиймээс хотын төвд газар судлаад оффисын зориулалттай аятайхан байр олсон. Нийт 1200 ам метр талбайтай, дөрвөн давхар байр. Үүнийг бүгдийг авч дийлэхгүй учир зөвхөн нэгдүгээр давхрыг нь авах гэж байгаа юм. Энэ бол Монгол Улсад ач холбогдолтой, валютын нөөц болж үлдэнэ шүү дээ.
Өнгөрсөн жилийн тодотголоор 931 сая төгрөг баталсан. Одоо наад мөнгөө баталж өгөхгүй бол хайран сайхан байрыг алдчихна” гэсэн учир олонх дэмжсэн. Мөн соёл, спорт, урлагийн салбарын засварт 1.6 тэрбум төгрөг төсөвлөснийг МАН-ынхан гайхаж, “Салбарын засвар гэж юу юм бэ” гэв. Ц.Оюунгэрэл сайд үүгээр соёлын төв өргөөд, музей, театрын дээврийг засахыг хэлэв. Бороо их орж дээврээс ус гоожсоноор соёл, түүхийн үнэт өвүүд сүйдэх аюул нүүрлэсэн учир 2.8 сая төгрөг хүссэн ч талыг нь хасаж орхив. Энэ мэтээр бүхэл санал төсөвт нэлээд байгаа аж.
С.УУЛ