СЕХ-ны дарга Ч.Содномцэрэнтэй уулзаж, орон нутгийн сонгуулийн бэлтгэл ажлын явцын талаар ярилцав. .jpg)
- Энэ удаагийн сонгуульд хэдэн нам, эвсэл өрсөлдөх вэ?
-Сонгуульд МАН, АН, ИЗНН, МАХН, МҮАН, Эх орон нам, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч гэсэн долоон нам, МАХН-МҮАН-ын “Шударга ёс”, МАХН-ИЗНН-ын “Иргэний шударга ёс” эвслүүд оролцохоор бүртгүүлж батламжаа аваад байна.
-Хэдэн мандатын төл өө хэчнээн хүн нэрээ дэвшүүлж өрсөлдөх гэж байна вэ?
-Аймаг, сум, дүүргийн сонгуулийн хороодод 19400-гаад нэр дэвшигч бүртгэгдсэн байна. Тэдгээрийн 30 хувь нь эмэгтэйчүүд байгаагаас гадна 893 хүн бие даан нэрээ дэвшүүлжээ. Бие даан нэрээ дэвшүүлсэн хүмүүсийн дийлэнх нь буюу 883 нь аймаг, сумдад, дүүргүүдэд ердөө 10 хүн байна. Энэ удаагийн аймаг, сум, дүүргийн ИТХ-ын нийт суудлын тоо 8108 байгаа. Үүнээс аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийнх 745, дүүргийнх 295, сумынх 7068 байна.
-Орон нутгийн сонгууль УИХ-ын сонгуультай адил холимог тогтолцоотой гэсэн. Тэгэхээр бас намын жагсаалтаар төлөөлөгч орж ирэх үү?
-Дээр дурдсан нийт суудлын 5241 нь мажоритар хэлбэрээр сонгогдоно. Үлдэж байгаа 2779 суудлыг хувь тэнцүүлэх хэлбэрээр хуульд заасны дагуу хуваарилж төлөөлөгчдийг сонгоно.
-Нам, эвслүүд нэр дэвшигчээ татаад өөр хүнийг нөхөн дэвшүүлсэн тохиолдол гарсан уу?
-Нэр дэвшигч нас барсан, эсвэл шүүхээр ял шийтгүүлсэн тохиолдолд нам, эвсэл нь өөр хүний нэрийг нөхөн нэр дэвшүүлж болно гэж хуульд заасан бөгөөд энэ тухай шийдвэрээ санал авах өдрөөс 35-аас доошгүй хоногийн өмнө ирүүлж, холбогдох журмын дагуу бүртгүүлсэн байна. Энэ хугацаа 10 дугаар сарын 17-ноор дууссан. Нэр дэвшигч нас барсан ганц хоёр тохиолдол гарсан.
-Нэр дэвшигчид хэзээ сурталчилгаагаа хийж эхлэх вэ?
-Нэр дэвшигч нь нэр дэвшигчийн үнэмлэхээ авсан өдрөөс сонгуулийн сурталчилгаагаа эхлүүлэхээр хуульд заасан. Үнэмлэхийг санал авах өдрөөс 15 хоногийн өмнө буюу арванэгдүгээр сарын 16-ны өдөр сонгуулийн хороод нэгдсэн журмаар олгоно.
-Сурталчилгаа нь зөвшөөрснөөс бусдыг хориглох зарчим баримтална гэж хуульд заасан. Зөрчсөн тохиолдолд ямар хариуцлага хүлээлгэх вэ ?
-Сонгогчдод мөнгө, эд зүйл тараах, аливаа үйлчилгээг төлбөргүй болон хөнгөлөлттэй үзүүлэх, нийтийг хамарсан уралдаан тэмцээн, урлагийн тоглолт, хүлээн авалт зохион байгуулах, амралт сувилалд явуулах, ажлын байранд зуучлах гээд хориглосон заалтууд хуульд орсон. Мөн сонгогчдын саналыг худалдан авахад чиглэсэн аливаа үйл ажиллагаа явуулах, төрийн албан хаагч болон насанд хүрээгүй хүүхдийг татан оролцуулах, бусдыг гүтгэх, доромжлохыг хориглосон. Хууль зөрчсөн нь үнэн нотлох баримтаар тогтоогдсон бол түүний нэрийг жагсаалтаас хасна гэж хуульд заасан.
-Сурталчилгаандаа цахим хуудас, мессеж ашиглаж болох уу?
-Нам, эвсэл, бие даан нэр дэвшигчид нь сонгуулийн сурталчилгаандаа бие даасан цахим хуудас, олон нийтэд зориулсан мессеж ашиглах, мөн сонгуулийн сурталчилгааны материалыг цахим шуудангаар сонгогчдод илгээж болно. Харин цахим хуудас болон мессеж нь улс төрийн чансаа тогтоох, аливаа хэлбэрийн шалгаруулалт зохион байгуулах зорилготой байж болохгүй.
-Санал авах өдөр амрах уу?
-Санал авах өдөр нь сонгуулийн жилийн арваннэгдүгээр сарын дөрөв дэх долоо хоногийн лхагва гариг байна. Бүх нийтээр амарна. Саналыг тухайн өдрийн 07.00- 22.00 цагт авна. Санал авах өдөр энэ сарын 21-нд тохиож байна.
-Санал авах хэдэн хэсэг ажиллах вэ?
-Аймаг, сум, дүүргийн хэмжээнд санал авах, дүн гаргахаар 2010 хэсэг байгуулагдан ажиллаж байна. Хэсгийг сонгогчийн тоотой уялдуулж байгуулдаг. Тухайлбал, нэг хэсэг нь суманд 2000 хүртэл, аймгийн төвд 2500 хүртэл, дүүрэгт 3000 хүртэл сонгогчтой байна.
-Энэ удаагийн сонгуульд автомат машин хэрэглэх үү?
-Сонгуулийн автоматжуулсан системийг сонгуульд хэрэглэх талаар шийдвэр гаргах эрх нь хуулиар УИХ-д байдаг. Энэ эрхийнхээ хүрээнд УИХ орон нутгийн 2012 оны сонгуульд автоматжуулах техник хэрэгсэл хэрэглэхийг зөвшөөрсөн шийдвэр гаргасан.
-Зарим аймаг, сумын сонгуулийн хороод нэр дэвшигчдийг бүртгээгүй, хассан тухай гомдол хэвлэл мэдээллээр гарч байсан?
-Энэ тухай мэдээлэл манай хороонд ирж байна. СЕХ энэ талаар сонгуулийн хороодод гурван удаа зөвлөмж хүргүүлж, хуульд заагаагүй үндэслэлээр нам, эвсэл, нэр дэвшигчдийг хасахгүй байх, иргэний сонгогдох эрхийг хууль бусаар хязгаарлахгүй байхыг анхааруулсан.
-Хэдэн төрлийн хэдэн ширхэг саналын хуудас хэвлэгдэх вэ?
-Аймаг, дүүргийн сонгуулийн хороод саналын хуудасны тоогоо баталж СЕХ-нд ирүүлсэн. Нийтдээ 1.8 сая гаруй саналын хуудас хэвлэгдэнэ. Саналын хуудсыг хэвлүүлэх, хүрг үүлэх ажлыг тухайн аймаг, дүүргийн сонгуулийн хороо зохион байгуулна. Аймаг, сум, дүүргээр нь тооцоход нийтдээ 1740 төрлийн саналын хуудас болж байна. УИХ-ын сонгуулиар 26 төрлийн саналын хуудастай байсан.
-Сонгогч саналаа урьдчилж өгч болох эсэх талаар хүмүүс их асуух юм?
-Сонгогч саналаа урьдчилан өгөх талаар хуульд заагаагүй. Харин санал авах өдрийн өмнөх өдөр зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авах заалт бий. Гэхдээ зөвхөн биеийн эрүүл мэндийн байдлын улмаас саналаа очиж өгч чадахгүй, нийтийн дайчилгаанд хамрагдсан, баривчлагдсан, саатуулагдсан, цагдан хоригдсон сонгогчийн саналыг зөөврийн битүүмжилсэн хайрцгаар авна.
-УИХ-ын сонгуулийн дараа хяналтын тооллого хийж байсан, энэ сонгуулиар ийм тооллого хийх үү?
-Санал хураалт дуусч, санал хураалтын дүнгийн тухай тогтоол гарсны дараа хяналтын тооллогыг хэсгийн хороо гараар тоолж хийнэ. Хяналтын тооллогыг хоёр хэсэгт санамсаргүй сонголтоор буюу сугалах аргаар сонгож хийх ёстой. Энэ нь санал авах, тоолох машины үйл ажиллагааг баталгаажуулж, машинд итгэх итгэлийг нэмэгдүүлэх, элдэв хардалт сэрдэлтийг багасгах сайн талтай болох нь өнгөрсөн УИХ-ын сонгуулийн хяналтын тооллогоор нотлогдсон.
-УИХ-ын сонгуулиар босго хувьд хүрээгүйгээс хоёр тойрогт дахин санал хураалт явуулах болсон. Орон нутгийн сонгуульд ийм босго бий юү?
-Босго хувь байхгүй. Сум, баг, хороонд хамгийн олон санал авсан мандатын тоотой тэнцүү тооны нэр дэвшигчийг тухайн аймаг, сум, дүүргийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцно.
-УИХ-ын сонгуулийн хоёр тойрогт дахин санал хураалт Орон нутгийн сонгуультай хамт явагдана. Дахин санал хураалт явуулах шийдвэр нь гарсан уу?
-Тойрогт санал өгсөн сонгогчдын 28 ба түүнээс дээш хувийн санал авсан нэр дэвшигчдийн тоо тухайн тойргийн мандатын тоонд хүрээгүй бол үлдсэн мандатад дахин санал хураалт явуулах хуулийн заалт бий. Дахин санал хураалт явуулах шийдвэрийг тойргийн хороо гаргах ёстой. Одоогоор СЕХ-нд нийслэлийн БЗД-ийн УИХ-ын сонгуулийн 22 дугаар тойргийн хорооны шийдвэр ирээд, нэр дэвшигчдийнхээ нэрсийг саналын хуудсанд баталгаажуулаад байна. 22 дугаар тойргийн хорооны шийдвэрт арваннэгдүгээр сарын 21-ний өдөр буюу Орон нутгийн сонгууль явагдах өдөр дахин санал хураалт явуулахаар тусгасан байна лээ. Харин 26 дугаар тойргийн хорооны шийдвэр ирээгүй байна.
-УИХ-ын сонгуулийн дахин санал хураалт болон Орон нутгийн сонгуулийн саналын хуудас нэг байх уу?
-Саналын хуудас нь нэг байна. Саналын хуудасны дээд хэсэгт УИХ-ын сонгуулийн 22 дугаар тойргийн дахин санал хураалт, доод хэсэгт нь дүүргийн ИТХ-д нэр дэвшигчид, нам, эвслийн нэр бичигдэнэ.
Р.ЖАРГАЛАНТ